ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэн, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Гамшиг судлалын хүрээлэнгийн захирал, хурандаа Д.Алтангэрэл, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан нар гарын үсэг зурсан юм.
Талууд гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлж, судалгаа, туршилт шинжилгээ зохион бүтээх, харилцан мэдээлэл солилцох үйл ажиллагаанд эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын багийг оролцуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, инновацийн бүтээгдэхүүнийг турших, үйлдвэрлэх, технологи дамжуулахад хамтран ажиллана.
Мөн гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн стандарт, норм, нормативыг тогтооход шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглах, харилцан дэмжлэг үзүүлэх, олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, семинар, симпозиум, уулзалт, үзэсгэлэн зохион байгуулах юм.
Энэ үеэр Гамшиг судлалын хүрээлэнгийн болон ШУТИС-ийн салбар сургуулиудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцож хамтран ажиллах төлөвлөгөөгөө хэлэлцэн, харилцан мэдээлэл солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.