Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Төв аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн өвөр говиор 25-30 градус, говийн аймгуудын нутгаар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, бага зэргийн бороо орно, салхи баруун хойноос 5-10 м/с, 15-17 градус дулаан байна.

Төлөв байдал: 29, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 7 дугаар сарын 1-нд нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 4х6 метрийн хэмжээтэй  граж, “Ланд крузер-100” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 14:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 14:41 цагт очиж 22 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрСэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Анжаалын даваа” гэдэг газар /сумын төвөөсөө баруун зүгт 90 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 19:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хушаат сумын 12 иргэн, Баруунбүрэн сумын 10 иргэн, нийт 35 хүн, 4 автомашин, 2 морьтойгоор түймрийг унтраахаар ажиллаж 06:27-ны өдрийн 19:50 цагт унтраан тус сумын ойн ангийн даргад хүлээлгэн өгсөн. /Түймэрт урьдчилсан байдлаар 40 га талбай шатсан./

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд сувиллын газраас Увс аймгийн харьяат Б /68 настай, эрэгтэй/ 06.26-ны өдрийн 05:30 цагийн орчим гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 11:26 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 10 алба хаагч, ар гэрийн 20 иргэн, сувиллын газрын 30 ажилтан, нийт 75 хүн,  8 техник хэрэгсэлтэй ажиллаж, сувиллаас Загас үржүүлгийн карьер хүртэл 5 км-т явганаар, Туул голын усанд 10 км завиар урсаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 23:20 цагт зогсоосон.

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Даагатай багийн “Товуухан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 8 км-т/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн А /30 настай, эмэгтэй/ саваар ус авах гэж байгаад Орхон голын усанд живсэн тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 13:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, ангийн 5 алба хаагч, ар гэрийн 16 хүн, нийт 21 хүн, 3 техник хэрэгсэлтэй ажиллаж, 06.27-ны өдрийн байдлаар  “Товуухан” гэдэг газраас Хушаатын гүүр хүртэл голын усаар 2 удаа 25 км-т, 1 удаа шумбалт хийж, голын баруун эргээр явганаар 28 км -т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон. 06.28-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн осолдсон газраас зүүн тийш 9 км-ээс 07:24 цагт цогцсыг олж уснаас гарган аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багт тус сумын харьяат  иргэн Х /50 настай, эрэгтэй/ 06.11-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар 06.12-ны өдрөөс 06.20-ны өдрүүдэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул зогсоогоод байсныг 06.27-ны өдөр дахин үргэлжлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 06.27-ны өдрийн 13:07 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 15:52 цагт Бугат сумын Бугын гол багийн “Хар-Ус” гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Хангал-Өртөө” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 172 км-т/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн Г /17 настай, эрэгтэй/ 3 найзын хамт мотоциклоор аялж яваад Орхон голын усанд  живсэн тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар 06.28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top