1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Орхон, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн хойноос 5-10 м/с, 20-22 градус дулаан байна.
Төлөв байдал: 2-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 3-нд нутгийн баруун хойд хэсгээр, 4-нд нутгийн төв хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороонд 5х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 08:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 08:59 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн “Хайргатын товгор” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 22 км/ малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь эрэн хайх аврах бүлгийн 10 алба хаагч, 1 автомашинтай 22 км зам туулан 18:28 цагт очиж 1 цаг 40 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд эзэнгүй 4х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 20:54 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 12х8 метрийн хэмжээтэй агуулахад эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.30-ны өдрийн 22:46 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 23:01 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Эрх саран” сувиллын газарт Увс аймгийн харьяат иргэн Б /68 настай, эрэгтэй/ 06.26-ны өдрийн 05:30 цагийн орчим сувиллаас гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 11:26 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 1 алба хаагч, нийт 6 хүн, 1 автомашинтайгаар ажиллаж, “Эрх саран” сувиллаас “Таван толгойн бетонон гүүр” хүртэл 3.5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Иргэн Б нь “Буянт-Ухаа-2” хороололд явж байсан гэсэн иргэний мэдээллийн дагуу Хан-уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Т.Гансүх тус хорооллын камерыг шүүхэд явж байгаа нь харагдаагүй боловч иргэд Нисэхийн автобусны эцсийн буудал дээр явж байсан гэсэн тул Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардоржийн шийдвэрээр 06.30-ны өдрийн 10:00 цагт зогсоосон болно.
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багт иргэн Э /64 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 06.28-ны өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 11 алба хаагч, Хилийн 0198 дугаар ангийн 10 алба хаагч, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дүгээр салбарын 9 алба хаагч, тус сумын ЗДТГ-ын 20 албан хаагч, нийт 50 хүн, 4 автомашин, 1 мотоцикль, 10 морьтойгоор Халх голын гүүрнээс “Ерэн баатарын хөшөө” гэдэг газар хүртэл 15 км-т Халхын голын усанд 2 удаа, мөн Халхын голын эрэг дагуу 18 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:15 цагт түр зогсоосон. 07.01-ний өдрийн 10:30 цагт эхлүүлнэ.
Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Хангал-Өртөө” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 172 км-т/ 4 хүн мотоциклоор зугаалж явснаас Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн Г /17 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд осолдсон тухай дуудлагыг 06.27-ны өдрийн 21:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 06.30-ны өдрийн 11:50 цагт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн “Хавчиг жалга” гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 1 дүгээр багийн “Бунхан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 5 км-т/ тус сумын харьяат иргэн А /44 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд живсэн тухай дуудлагыг 06.30-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай 06.30-ны өдрийн 20:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Бунхан толгой” гэдэг газраас зүүн бетонон гүүр хүртэл 5 км-т 15 удаа гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 00:15 цагт түр зогсоосон. 07.01-ний өдрийн 04:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэн 04:42 цагт “Бунхан толгой” гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
Үер: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд 06.30-ны өдрийн 18:50-20:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас тус дүүргийн харьяат иргэн Т, Т нарын гэр, хашаа усанд автсан тухай дуудлагыг 06.30-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 20:27 цагт очиж бетонон хашааг цоолж усыг зайлуулан 2 айл өрхийн 5 хүүхэд, 3 том хүн, нийт 8 хүнийг аюулгүй газар гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР