Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Говь-сүмбэр, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар хойноосоо, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ.  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Алтайн өвөр говиор 31-36 градус, говийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Дуу цахилгаантай бороо орно, салхи зүүн хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ, 22-24 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар, 6-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 7-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх багт иргэн О-гийн эзэмшлийн “Хонда Капа” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 09:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 09:38 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 10х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 14:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км зам туулан 14:23 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 16:23 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 10:13 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 10:18 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Булган сумын Далт багийн “Эргэнэг”  гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 3 км-т/ 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 12:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 12:04 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт 4х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 21:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч 2 автомашинтай 2.5 км зам туулан 21:39 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Уртын цагаан-Овоо” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 80км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 19:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 12 алба хаагч, 1 автомашинтай унтраахаар ажиллаж 07.04-ний өдрийн 05:45 цагт унтраасан. Уг түймэрт 800 орчим га талбай шатсан.

4.Үйлдвэрлэлийн осол:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 12 давхар орон сууцны барилга барьж байсан “Ариун-Очир” ХХК-ийн эзэмшлийн “SL-50” загварын дугуйт өргөгч барилгын ажил хийж байгаад барилгын суурийн 5 метрийн гүнтэй ухсан нүхэнд унаж жолооч нь гэмтсэн байна гэсэн дуудлагыг 07.03-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11.5 км зам туулан 17:23 цагт очиход Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн М /29 настай, эрэгтэй/ гэмтсэн байсныг гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн.      

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Эрх саран” сувиллын газар Увс аймгийн харьяат Б /68 настай, эрэгтэй/ 06.26-ны өдрийн 05:30 цагийн орчим сувиллаас гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 11:26 цагт хүлээн авсан. Эрэн хайх ажиллагааг 06.26-07.01-нийг хүртэл зохион байгуулан явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр түр зогсоосон. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 1 алба хаагч, нийт 6 хүн, 1 автомашинтайгаар ажиллаж, 07.03-ны өдөр “Эрх саран” сувиллаас “Шувуун фабрик” хүртэл 15 км-т явганаар голын салаа бүрээр явж голд унасан зараа модыг уснаас гарган цэвэрлэж, “Туул” голоор 10 км-т урсаж, 4 метрийн гүнд 5 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:20 цагт зогсоосон.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багт иргэн Э /64 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 06.28-ны өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 14:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, Хилийн 0198 дугаар ангийн 5 алба хаагч, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 14 алба хаагч, тус сумын 12 иргэн, ар гэрийн 6 хүн, 1 мотоциклтэй, нийт 52 хүн, 5 автомашин, 5 мотоциклээр 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг тус багийн “Элст манхан” гэдэг газраас “Гүйдэг манхан”, “Мөнхийн дархан хил” гэдэг хөшөө хүртэл  8 км-т явганаар, 2 дугаар бүлэг Халхын голын усаар Халхголын гүүрнээс Ерэнбаатарын хөшөө хүртэл 15 км завиар,  3 дугаар бүлэг мөн чиглэлд Халхын голын эрэг дагуу явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 07.03-ны өдрийн 20:10 цагт түр зогсоосон.  

Усны осол /эрэн хайх, аврах/: Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн Орхон голын 96-ийн “Шинэ гүүр Энхтал” гэдэг газар /Сэлэнгэ аймгийн төвөөс баруун урд зүгт 140 км-т, тус аймгийн Хушаат сумын төвөөс зүүн зүгт 7 км-т/ Увс аймгийн харьяат иргэн Ш /22 настай, эрэгтэй/ “Орхон” голд осолдсон тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 17:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 7 алба хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 7 алба хаагч, сумын Цагдаагийн хэсгийн 1 алба хаагч, ар гэрийн 2 иргэн, нийт  17 хүн, 6 техник хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.03-ны өдрийн 17:22 цагт тус багийн “Хар-Эрэг” гэдэг газраас цогцсыг олж уснаас гарган тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Усны осол: Амиа хорлолт /аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ “Ховд” голд тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн оршин суугч иргэн Ж /27 настай, эмэгтэй/ “Ховд” голд живсэн тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, Өлгий сумын 7 иргэн, ар гэрийн 15 хүн, нийт 28 хүн, 4 автомашин, 1 завьтай 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг тус багийн “Соёмбот” уулнаас Бугат сумын Хатуу багийн “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл Ховд голын дагуу 45 км-т автомашинаар, 2 дугаар бүлэг “Соёмбот” уулнаас “Хасбаатарын хөшөө” гэдэг газар хүртэл 3 км-т явганаар, 3 дугаар бүлэг анх үсэрсэн газраас Бугат сумын Хатуу багийн “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 40 км-т завиар, 4-5 метрийн гүнд 5 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 07.03-ны өдрийн 21:10 цагт түр зогсоосон. 07.04-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.   

Бусад: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт дулааны шугамын засварын ажил хийгээд хураасан байсан 2х3 метрийн хэмжээтэй бетонон хавтанд дээр тоглож байсан  хүүхэд хөлөө даруулан гэмтсэн тухай дуудлагыг 07.03-ны өдрийн 17:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 17:56 цагт очиход тус багийн оршин суугч иргэн Г-гийн хүү Б /10 настай, эрэгтэй/ зүүн хөлөө даруулан гэмтсэн байсан тул гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хүргэж өгсөн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top