Өнөөдөр төрийн далбааны өдөр тохиож байна. Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Сүхбаатарын талбайд боллоо.
Цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг болон ОБЕГ, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ДХИС, ҮБХИС-ийн 2000 гаруй алба хаагч оролцсон юм.
Онцгой байдлын байгууллагын эрэгтэй алба хаагчид 2011 оноос, эмэгтэй алба хаагчид 2016 оноос хойш Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаалд оролцож байна. Өдгөө 8 жилийн хугацаанд нийт 1065 алба хаагч цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний хамт хүндэтгэлийн жагсаалд алхаж байна.
ТӨРИЙН ДАЛБААНЫ ТАЛААР ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ 10 ЗҮЙЛ
1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг санаачлан батлуулсан.
2.Төрийн далбааны өдрийг жил бүрийн энэ өдөр улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон.
3. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж заасан байдаг.
4. 2008 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 5 дахь зүйлийн 5.1.15-д “Монгол Улсын төрийн далбааны өдөр: 07 дугаар сарын 10” хэмээх нэмэлт өөрчлөлтийг оруулсанаар Монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаалд жагсаж, Төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.
5. Жанжин туг залах, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, Цэргийн ёслолын жагсаал жагсах энэхүү сүрт ёслол нь цэрэг-иргэний харилцааг бэхжүүлсэн, эх оронч, үндэсний бахархлыг дэврээсэн, нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болжээ.
6. Цэргийн ёслолын жагсаалыг анх удаа жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар 1921 оны долдугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд явуулж байжээ.
7. Цэргийн ёслолын жагсаал нь 1996 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн их ойн баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд, 2005, 2009, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байжээ.
8. Төрийн далбааны өдрийг тэмдэглэх болсоноор Улсын их баяр наадмын өмнөх өдөр Цэргийн ёслолын жагсаалыг жил бүр уламжлал болгон эзэн Чингис хааны талбайд хийх болжээ.
9.“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалын хүн нэг бүрийн бэлтгэл 2014 оны зургаадугаар сарын 09-14-нд, эгнээний бэлтгэл 06 дугаар сарын 14-18-нд, салбарын бэлтгэл зургаадугаар сарын 18-24-ний өдрүүдэд хийгдсэн бөгөөд нэгдсэн бэлтгэл зургаадугаар сарын 25-наас БХИС-ийн Жагсаалын талбайд хийгдсэн. Энэ хугацаанд шөнийн парадыг долоодугаар сарын 07, 09-ний өдрүүдэд 04.00-07.00 цагийн хооронд хоёр удаа зохион байгуулжээ.
10. Монгол Улс нь Төрийн далбаагаа 1911, 1924, 1940, 1945, 1960 онуудад шинэчлэн баталсан байдаг бөгөөд өнөөгийн далбааг 1992 оны Үндсэн хуулиараа баталгаажуулан хэрэглэж эхэлсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.