1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Орхон, Төв, Хөвсгөл аймгийн нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с, 28-30 градус дулаан байна.
Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 14-нд зарим газраар, 15-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай. бороо орно. Салхи борооны өмнө түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
2.Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Ашинга” гэдэг газар /Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.07-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 10 алба хаагч, 1 автомашин, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 10 алба хаагч, нийт 20 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 07.09-ний өдрийн 08:55 цагт цурманд оруулж, 07.10-ны өдрийн 19:30 цагт бүрэн унтрааж Байгаль орчны байцаагч Ц.Энхээд хүлээлгэн өгсөн. /Түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай шатсан./
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Өндрөөс аврах: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд шинээр баригдаж буй барилгын өргөгч цамхаг дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 07.10-ны өдрийн 20:31 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 20:42 цагт очиж, “Мөнгөн элсний шим” ХХК-ийн барьж байгаа 14 давхар барилгын авто цамхагийн бүхээгээс иргэн Ц /29 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унах гэж байсныг буулгаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ “Ховд” голд тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн “Шинэ-Айл” хорооллын задгайд оршин суугч иргэн Ж /27 настай, эмэгтэй/ 07.02-ны өдрийн 14:20 цагийн орчим “Ховд” голд живсэн тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, ар гэрийн 10 хүн, нийт 16 хүн, 2 автомашин, 1 завьтайгаар 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Өлгий сумын “Ховд гол” багийн “Соёмбот-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 35 км-т завьтай, 3-4 метрийн гүнд 2 удаа шумбаж, 2 дугаар бүлэг Өлгий сумын “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 40 км-т автомашинтай, 3 дугаар бүлэг Өлгий сумын “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 25 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт зогсоосон.
Булган аймгийн Орхон сумын Бөхт багийн “Өрөмийн голын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 85 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т иргэн Х /18 настай, эрэгтэй/, О /17 настай, эрэгтэй/ нар “Өрөм”-ийн голын усанд 07.09-ний өдрийн 10:00 цагийн орчим осолдсон тухай дуудлагыг 07.10-ны өдрийн 08:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07.10-ны өдрийн 15:45 цагт иргэн Х /18 настай, эрэгтэй/, 16:35 цагт О /17 настай, эрэгтэй/ нарын цогцсыг олж, Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Далангийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 52 км-т, сумын төвд/ иргэн О /46 настай, эрэгтэй/ 07.10-ны өдрийн 18:20 цагийн орчим “Мөрөн” голын усанд живсэн тухай дуудлагыг 07.10-ны өдрийн 18:30 цагт хүлээн хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, 1 автомашин, тус сумын Засаг даргын Тамгийн газрын 8 ажилтан, 2 автомашинтай “Далангийн-Ам” гэдэг газар “Мөрөн” голын усаар 8 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 22:01 цагт зогсоосон. 07.11-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР