Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Увс аймгийн зарим газраар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говь, талын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:   Үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 26-28 градус дулаан байна.

Төлөв байдал: 14-16-нд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүхэн шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороонд “Талимаа” эмнэлгийн сауны 6х10 хэмжээтэй өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 21:26 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 5 км зам туулан 21:30 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багийн “Задгай”-д иргэн Н-ийн 24х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 06:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн 9 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 06:27 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд иргэн Ц-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам 10:58 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 16:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 16:44 цагт очиж 9 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ганзам багийн “Гурилын шар” гэдэг 5 давхар байрны гадна зогсоолд иргэн А-гийн эзэмшлийн “Пруис-30” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 22:24 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Сонсголон”-гийн гүүрний хажууд иргэн Гансүхийн эзэмшлийн “Сод-Од” хүнсний дэлгүүрийн 12х6 метрийн хэмжээтэй, цайны газрын 4х3 метрийн хэмжээтэй барилга тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 07.13-ны өдрийн 01:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  3 км зам туулан 01:57 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрСэлэнгэ аймгийн Мандал сумын “Халуун рашаан”-ы урд уулын энгэрт /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн  22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 14 алба хаагч, 1 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Хэрээн гол” гэдэг газар /Бугант багийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ 07.11-ний өдрийн 12:30 цагт усархаг бороо орж аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 44 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Атаа” гэдэг уул /сумын төвөөс хойд зүгт 148 км-т/ ойн түймэр гарсан нь www.fires.ru сайт дээр 07.12-ны өдрийн 15:30 цагт илэрсэн. Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, 1 автомашинтай 07.12-ны өдрийн 17:30 цагт түймрийн голомт руу явсан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн “Нарийн даваа” гэдэг газар / сумын төвөөс зүүн урд  зүгт  20 кмт/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж мөн өдрийн 21:40 цагт цурманд оруулсан. Бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг гал түймэрт 1 га орчим талбай шатсан.

4.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн “Амар булаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 32 км-т/ автомашин мөргөлдөж 3 хүн гэмтсэн байна гэсэн дуудлагыг 07.12-ны өдрийн 10:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын  газрын 3 алба хаагч, 1 автомашинтай 32 км зам туулан 11:35 цагт очиход Өмнөговь аймгаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан 4 том хүн, 2 хүүхэд, нийт 6 зорчигчтой Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн П-гийн жолоодож явсан “Прадо-95” загварын суудлын автомашин, B888EX/16  Russ улсын дугаартай ”Рендж ровер” загварын 4 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Э /52 настай, эмэгтэй/, ОХУ-ын харьяат иргэн О /59 настай, эрэгтэй/, Г /25 настай, эмэгтэй/ нар хөнгөн гэмтсэн байсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн. 

5.Байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл:

Аянга: Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол багийн “Ар нарийн” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ 07.11-ний өдрийн 22:00-23:00 цагийн хооронд усархаг бороо орж аянга буусны улмаас малчин Б-гийн 21 бод мал аянгад ниргүүлж хорогдсон тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Чимэдмаа 07.12-ны өдрийн 11:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

6.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн “Эрээн дов” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 14 км-т/ тус сумын харьяат иргэн Ж-гийн хүү Х /4 настай , эрэгтэй/ 07.12-ны өдрийн 18:00 цагийн орчимд  иргэн Б-гийн гэрийн гадаа тоглож байгаад сураггүй алга болсон тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 4 алба хаагч, ар гэрийн 40 хүн, нийт 53 хүн, 20 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 07.13-ны өдрийн 06:25 цагт тус сумын 8 дугаар багийн “Говь” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Усны осол /эрэн хайх, аврах/Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/  “Ховд” голд тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн “Шинэ-Айл” хорооллын задгайд оршин суугч иргэн Ж /27 настай, эмэгтэй/ 07.02-ны өдрийн 14:20 цагийн орчим “Ховд” голд живсэн тухай дуудлагыг 07.02-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, ар гэрийн 10 хүн, нийт 16 хүн, 2 автомашин, 1 завьтайгаар 3 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Өлгий сумын “Ховд гол” багийн “Соёмбот-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 35 км-т завьтай, 3-4 метрийн гүнд 2 удаа шумбаж, 2 дугаар бүлэг Өлгий сумын “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 40 км-т автомашинтай, 3 дугаар бүлэг Өлгий сумын “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 25 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:00 цагт зогсоосон. 07.10-ны өдөр “Ардын хувьсгалын баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх, албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахтай холбогдуулан тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг түр зогсоосон.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Өндөр хүр” гэдэг газар   /аймгийн төвөөс  баруун урд зүгт 25 км-т, сумын төвөөс баруун зүгт 7 км-т/ тус аймгийн харьяат иргэн Ө /48 настай, эрэгтэй/ “Орхон” голд осолдсон тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 14:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн  8 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 3 алба хаагч, нийт 11 алба хаагч, 3 автомашин, 1 завьтай “Өндөр хүр” гэдэг газраас “Орхон” голын эрэг дагуу 10 км-ийн тойрогт 2 удаа самналт хийж, голын булан тохой, мод, бут, сөөгөнд үзлэг хийж  эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 21:50 цагт түр зогсоосон. 07.13-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багийн “Цант” гэдэг газар /Сайхан сумын төвөөс баруун хойд зүгт 18 км-т/ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Б-гийн охин Х /6 настай, эмэгтэй/ Орхон голын усанд живсэн тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, Цагдаагийн газрын 4 алба хаагч, нийт 21 хүн, 3 автомашин, 1 завьтай 07.12-ны өдрийн 13:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг Орхон голын усанд 8 км-т зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 21:50 цагт түр зогсоосон. 07.13-ны өдрийн 05:30 цагт дахин эхлүүлсэн.

7.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга багт иргэн П-гийн 10х6 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэр 07.12-ны өдрийн 21:00 цагт шатсан. Орон нутгийн 60 иргэн, 14 автомашинтай ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Д.Оюунтуяа 22:34 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top