Ж.УРАНМАНДАЛ
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн зарлигаар хэд хэдэн хүн төрийн хүндтэй шагнал хүртээсний нэг нь Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбат юм. Тэрбээр Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор энгэрээ мялааснаар Онцгой байдлын албаны долоо, аврагчдаас төрсөн хоёр дахь гавьяат болсон билээ. Түүнтэй ярилцснаа хүргэе.
-Юуны түрүүнд төрийн хүндтэй цол хүртсэнд баяр хүргэе. Шагнал авна гэдгээ мэдэж байв уу?
-Баярлалаа. Гавьяат болно чинээ төсөөлөөгүй явлаа. Хөдөөгүүр олон хоногоор эрэн хайх, аврах ажиллагаанд яваад ирэхэд ангийн захирагч дуулгасан. Сонсоод бараг итгээгүй. Юу болоод байгааг ч ухаараагүй. Юу ч гэсэн ээждээ, ханьдаа дуулгая гэж бодон утас цохилоо. Ээж минь надаас илүү баярласан. Маргааш нь шууд Улаанбаатар луу гарлаа. Төрийн ордонд ирээд, Ерөнхийлөгчөөс шагнал авах тэр агшинд л “Үнэхээр үнэн юм байна” гэж өөртөө хэлж, баярын нулимстай зогслоо. Гэхдээ энэ бол зөвхөн миний шагнал биш шүү дээ. Хамт олон, Онцгой байдлын албаар овоглогддог бүх “дайчин”-ы шагнал. Бусдын төлөө амь хайргүй зүтгэж яваа, албандаа халуун амиа өргөсөн алба хаагч, тэдний ар гэрийнхний хичээл зүтгэлийг үнэлж өгсөн шагнал гэж бодож байна.
-Онцгой байдлын албанд хэзээнээс зүтгэх болов. Яагаад энэ хэцүү, бэрх “даваа”-г сонгосон юм бэ?
-2008 оноос хойш зүтгэж байна. Тухайн үед аймгийн Онцгой байдлын газарт жолоочоор ажиллаж байсан ах минь надад ажилд орох санал тавьсан юм. Би урьд нь Зэвсэгт хүчинд ажиллаж байсан учраас татгалзалгүй зөвшөөрсөн. Одоо тэр ах минь бурхны оронд заларсан. Намайг энэ хүндтэй албанд хөтөлж оруулсанд нь баярласнаа хэлмээр санагдаж байна.
-Онцгой байдлын албанд орсон анхны сэтгэгдэл ямар байв. Айж эмээх зүйл гарсан уу?
-Урьд нь Зэвсэгт хүчинд алба хаасан учраас бэлтгэл сургуулилалт тийм ч хэцүү санагдаагүй. Харин анхны дуудлагаас л хэцүү бэрхийг мэдэрч эхэлсэн. Зэвсэгт хүчинд байнгын бэлтгэл сургуулилалттай байдаг ч гэнэтийн аюулт үзэгдэл, осол, өвчин зэрэгт тэр бүр оролцдоггүй. Харин Онцгой байдлын албанд бол өдөр, шөнийн алинд ч үргэлж бэлэн байх ёстой. Мөн ямар ч дуудлагад очиж магадгүй учраас хэцүү санагдсаныг нуухгүй ээ. Тухайн үед “Энэ бол жинхэнэ баатрууд ажиллах алба байна даа” хэмээн бодогдсон. Түүнээс хойш 11 жил тасралтгүй ажиллаж, амь өрссөн олон давааг давжээ. Олон ч дуудлагад явж, хэцүү бэрхийг туулсан. Одоо бодоход аврагчид нэг гартаа үхэл, нөгөө гартаа амьдрал атгаж явдаг байх.
Хамгийн хэцүү зүйл нь буцалтгүй нэрвэгдэгчдийн (амиа алдсан хүмүүсийг тус албаныхан ийнхүү нэрлэдэг аж) ар гэрийнхэн уйлах, гашуудахыг харах. Бид тэднийг даган, гашуудан, уйлж болохгүй. Ганц гашуудал ч биш, олон хүнээс төрөл бүрийн ааш, авир гарна. Тэр бүгдэд уурлах, ундууцах зэрэг авир гаргаж болохгүй. Үргэлж тайван, сэтгэлийн хаттай байх чухал.
-Сэтгэлээс тань гардаггүй дуудлага, аврах ажиллагаа бий юү?
-Дуудлага бүр ямар нэгэн сэтгэгдэл үлдээдэг. Эрэн хайх, аврах ажиллагаанд хайсан хүнээ эсэн мэнд олохдоо туйлын их баярлана. Мартагдахгүй дурсамж үлдээсэн хоёр ч дуудлага бий. 2009 онд манай аймгийн Рашаант сумын нутаг, Дөрөө нуурын ойролцоо шувууны томуу өвчин дэгдсэн юм. Тухайн үед манай албаныхан 14 хоногоор ээлжилж ажилласан. Хоёр дахь ээлжид би бүлгийн даргатайгаа ажиллалаа. Өвчний голомтод биднээс гадна аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газрынхан ажилласан. Тэнд эхнэртэйгээ танилцсан. Гэргий минь аймгийн Зоонозын өвчин судлалын төвд ариутгагчаар ажилладаг юм.
Мөн 2011 онд Хөвсгөл далайн мөс цөмөрч, шатахуун тээвэрлэсэн хоёр машин осолдсон дуудлагад очиж ажилласан. Тухайн үед үхэлтэй нүүр тулгарсан. Ухаан балартаж, байдал эвгүйдсэнийг мэдэх үед өнгөрсөн амьдрал, дурсамжууд, хүүхдүүд минь нүдэнд үзэгддэг юм билээ. Энэ хоёр тохиолдол хэзээ ч санаанаас гардаггүй юм.
-Хөвсгөл далайд осолдсон хоёр автомашиныг гаргах ажиллагааны үеэр аврагч Ж.Баяртогтох гавьяатын амьсгал зогсож, амиа алдах шахсан тухайгаа манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан. Та ч мөн тийм байдалд орсон хэрэг үү?
-Улаанбаатараас Үндэсний аврах бригадынхан ирэх хүртэл бид гурав хоног ажилласан. Хоёр жолоочийн нэг нь амиа алдсан байсан. Түүнийг 47 метрийн гүнээс гаргах нь миний үүрэг байлаа. Бид осол болсон газарт хоёрдугаар сарын 9-нд очсон. Нүүр нүдгүй цасаар шуурсан, 30-40 градусын хүйтэн өдрүүд байлаа. Осолдсон машинууд хэдэн метрийн гүнд байгааг мэдэхгүй учраас эхлээд цагийн байдлыг тогтоох шаардлагатай. Дараа нь 40-50 метрийн зузаан мөс цоолж, цооног гаргаад, шумбаж эхэлсэн. Тухайн үед бидний хэрэглэж байсан багаж, ялангуяа хүчилтөрөгчийн савнаас аманд орох хэсэг буюу зуултуур зуных байсан учраас 15-20 метрийн гүнд шумбахад л хөлдөж, амьсгалах аргагүй болсон. Би гурван өдөрт найман удаа шумбасан ч амжилтгүй болсон. Ес дэх удаагийнх дээр машинд нэлээд ойртол өнөөх зуултуур дахиад хөлдчихөв. Буцалтгүй нэрвэгдэгчийн ар гэрийнхэн, НИК компанийнхан, манай хамт олон гээд бүгд хүлээж байгаа. Бүгд л даарч, хөрч, ядарч буй. Би л хурдан гаргахгүй бол болохгүй гэсэн бодол төрж зуултуур хөлдсөн ч тэр чигтээ шумбачихсан. Өөд болоод гурав хоночихсон учраас буцалтгүй нэрвэгдэгчийн хоёр гар нь машинаас барьсан чигтээ хөшчихсөн нь нэлээд цаг алдуулсан. Арай ядан гарыг нь тавиулж, олсоор уяад, өөрөө дээшээ зүтгэлээ. Гэтэл хэсэгхэн зуур азотын хордлогод орж, ухаан балартсан юм шиг байна лээ. Цооногийн дээрээс хоёр охин минь “Ааваа гараад ир, хурдлаарай” гэх шиг болоод гэнэт ухаан ороход уснаас гараагүй байлаа. 40 гаруй метрийн гүнд цооног харагдахгүй шүү дээ. Тэгээд л цооног руу хар хурдаараа сэлсэн. Тэр гүн уснаас хамаг хурдаараа гарна гэдэг маш аюултай л даа. Дараа нь Ж.Баяртогтох гавьяат ч тийм аюултай нөхцөлд шумбасан. Бид хоёр ОХУ-д 45 хоногийн гүний шумбалтын сургалтад хамт сууж ирээд удаагүй байсан үе. Тухайн үед орос багш нар “Хэт гүн уснаас хурдтай гарвал амиа алдана, эсвэл насаараа өвчтэй болно” гэж захисан. Өвчин нь нас ахихаар илэрдэг юм гэсэн. Өндөр хөгжилтэй улсад азотын хордлогод орсон хүнийг тусгай төхөөрөмжид оруулж, хордлогыг нь тайлдаг юм билээ.
-Тухайн үед та хоёрт азотын хордлого тайлах ямар нэгэн арга хэмжээ авсан уу?
-Манай улсад тэр төхөөрөмж байхгүй учраас хордлогоос гаргах арга хэмжээ аваагүй гэж хэлэхэд болно. Гэхдээ хордлогод орсон үедээ чанга дуугарах, хурдан хөдлөх, элдэв дуу чимээнээс хол, аль болох тайван байх зэрэг анхан шатны арга хэмжээ авсан.
-Эхнэр тань амь өрссөн ажил хийдгийг тань сайн ойлгодог байх. Хэр түгшдэг бол?
-Миний эхнэр өөрөө ч эрсдэлтэй ажил хийдэг учраас намайг маш сайн ойлгодог. Хүний хань болсон хойно санаа зоволгүй л яахав. Үргэлж болгоомжтой байхыг захидаг. Мөн жилийн талаас илүүд эзгүй байхад минь гадаа гарч эр, гэрт орж эм болж, ар талыг минь найдвартай дааж яваа. Тиймээс энэ хүртэл зүтгэсэн гавьяаны тал нь эхнэрийн минь хичээл зүтгэл.
-Таны бага нас хаана өнгөрсөн бэ?
-Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумд төрж, өссөн. Миний аав Баянзүрх сумын хүн байсан. Би 10 хүүхэдтэй айлын хамгийн бага. Зуны амралтаараа хөдөө ч явдаггүй, аав, ээжийнхээ хажууд өнгөрөөдөг байв. Манай аймгаар Дэлгэр мөрөн урсдаг. Хүүхэд нас нутгийн хүүхдүүдийн адил Дэлгэр мөрний хөвөөнд өнгөрсөн. Нас биед хүртлээ аав, ээжийнхээ хажуунаас салдаггүй, гэрээсээ холддоггүй байсан хүүхэд одоо гэрийн бараа харахгүй хөдөөгүүр явдаг болсон. Хүүхэд байхад бусдын л адил сэлж, гүйж харайж өнгөрөөдөг байсан нь усчин-аврагч болоход нөлөөлсөн гэж боддог.
-Зэвсэгт хүчинд алба хааж байсан гэсэн. Яагаад армиас гарсан юм бэ?
-2002 онд ерөнхий боловсролын сургууль төгсөөд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяа Ахлагчийн коллежид элсэн суралцсан. Улмаар 2004 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид тасгийн пулемётчиноор дөрвөн жил шахам ажиллаад ар гэрийн шалтгаанаар чөлөөлөгдөж нутагтаа ирсэн. Зэвсэгт хүчинд хэдийгээр удаагүй ч энхийг сахиулах ажиллагаанд хоёр ч удаа явсан шүү. 2004 онд Иракийн “Эрх чөлөө” ажиллагааны дөрөвдүгээр ээлжид алба хаасан. Тухайн үед 20 нас ч хүрээгүй, хүүхдээрээ шахуу “амьтан” дөнгөж дайн болсон халуун цэгт очиж ажилласан. Кинон дээрээс л хардаг дүр зургийг бодитоор харна чинээ санаагүй явсан надад үнэхээр нүд халтирам санагдаж байлаа. Хамгийн өр өвтгөсөн зүйл бол хүүхдүүд. Машинтай очоод зогсонгуут шавж ирээд, алгаа тосож гуйлга гуйна. Дараа нь 2007 онд Сьерра Леонд очсон. Тэнд харьцангуй тайван байдал угтсан л даа. Гэхдээ л манай улс ямар тайван амгалан орон болохыг дээрх хоёр ажиллагаанд яваад л мэдсэн.
Эх сурвалж: Өнөөдөр сонин 2019.07.16