Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий аймгийн нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 17-22 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 29-31 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи 19, 20-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 18-нд нутгийн төв хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Морингийн даваа” гэдэг газарт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 08:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9 км замыг туулан 08:24 цагт очиж, эзэнгүй, улсын дугаар нь тодорхойгүй “Эстима” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруун сайхан багт граж шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 15:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 15:47 цагт очиж, 32 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.16-ны өдрийн 16:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 16:17 цагт очиж, иргэн Н-ийн 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 42 минут ажиллаж унтраасан. 

3. Ой, хээрийн түймэр:

Ойн түймэрСэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Халуун рашаан” гэдэг газрын урд уулын энгэрт /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн  22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 25 алба хаагч, 2 автомашинтай унтраахаар ажиллаж байна. 07.16-ны өдрийн 22:30 цагийн байдлаар алба хаагчид 3 бүлэгт хуваагдан түймрийн баруун, зүүн, урд талд ажиллаж түймрийг хяналтанд авсан. Түймрийн голомтод унанги модонд уугилт ихтэй, салхи тогтуун байна. Түймрийн голомтод 07.17-ны өдрийн 04:00 цагаас 06:30 цагийн хооронд бороо орсон. /Урьдчилсан байдлаар түймэрт 200 га талбай шатсан./

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар /Бугант багийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ 07.11-ний өдрийн 12:30 цагт усархаг бороо орж аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 13:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 52 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж 07.16-ны өдрийн 15:16 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар /түймрийн зүүн болон урд талд/ ажиллаж байна. Түймрийн голомтод 07.17-ны өдрийн 04:00 цагаас 06:30 цагийн хооронд бороо орсон. /Урьдчилсан байдлаар түймэрт 130 га талбай шатсан./

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Атаа” гэдэг уул /сумын төвөөс хойд зүгт 148 км-т/ ойн түймрийн цэг www.fires.ru сайт дээр 07.12-ны өдрийн 15:30 цагт илэрсэн. Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж байна. 07.16-ны өдрийн 23:00 цагийн байдлаар түймрийн голомтод унанги мод, хөвд ихтэй, тэнгэр бүрхэг, салхи тогтуун байна. 07.16-ны өдөр түймрийн нөхцөл байдалтай танилцах, хүч нэмэгдүүлэн ажилуулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр Онцгой байдлын ерөнхий газрын 1, Үндэсний аврах бригадын 24 алба хаагчийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр Улаанбаатар хотоос 14:00 цагт хөөрч, түймрийн голомтод 15:10 цагт алба хаагчдыг /Ө-49012’3.0” У-107028’53.3”/ буулгаж, түймрийн голомтоос Улаанбаатар хотод 17:20 цагт газардсан. Түймрийн голомтод 07.17-ны өдрийн 02:20 цагаас 04:00 цагийн хооронд бороо орсон. /Түймэрт урьдчилсан байдлаар 27 га талбай шатсан./

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Угтаал гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/-т ойн түймрийн цэг www.fires.ru сайтад 07.13-ны өдрийн 12:00 цагт илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 9 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 19 хүн, 2 автомашинтай ажиллаж 07.16-ны өдрийн 16:04 цагт түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод 07.16-ны өдрийн 15:00 цаг, 16:54 цаг, 07.17-ны өдрийн 04:00 цагаас 06:30 цагийн хооронд бороо орсон. /Түймэрт урьдчилсан байдлаар 15 га талбай шатсан./ 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин  багийн “Бэрлэг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ойн түймрийн цэг www.fires.ru сайтад 07.15-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 11 алба хаагч, 1 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж байна. 07.16-ны өдрийн 16:00 цаг, 07.17-ны өдрийн 04:00 цагаас 06:30 цагийн хооронд бороо орсон. /Түймэрт урьдчилсан байдлаар 20 га талбай шатсан./ 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Цагаан жалга” гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймрийн цэг 07.16-ны өдрийн 14:00 цагт www.fires.ru сайтад илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Д.Батболдоор ахлуулсан Мандал сум дахь Улаанбаатар төмөр замын харьяа “Мод боловсруулах үйлдвэр”-ийн 10 ажилтан, 1 автомашинтай мөн өдрийн 22:30 цагт түймрийн голомт руу хөдөлгөөн үйлдсэн. Түймрийн голомтод 07.17-ны өдрийн 02:20 цагаас 04:00 цагийн хооронд бороо орсон.

Ой, хээрийн түймэрСэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн ”Ногоон толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км-т/ ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 11 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 31 хүн, 4 автомашинтайгаар ажиллаж 07.16-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулж, мөн өдрийн 22:55 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн. /Түймэрт урьдчилсан байдлаар 48 га талбай шатсан./

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Цагаан тохой” гэдэг газар “Ерөө байгалийн хишиг” ХХК-ийн 10 ажилтан зугаалж явснаас Өвөрхангай аймгийн Тарагт сумын харъяат иргэн Б /24 настай, эрэгтэй/ 07.13-ны өдрийн 17:00 цагийн орчим “Ерөө” голын усанд живсэн тухай дуудлагыг 07.13 ны өдрийн 17:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 4 алба хаагч, “Ерөө байгалийн хишиг” ХХК-ийн 10 ажилтан, нийт 20 хүн, 5 автомашинтай 07.16-ны өдрийн 05:30 цагт дахин эхлүүлж мөн өдрийн 08:34 цагт иргэн Б /24 настай, эрэгтэй/-ийн цогцсыг осолдсон газраас 200 метрийн зайд “Цагаан тохой” гэдэг газраас “Ерөө” голын эргээс олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

5.Мэдээлэл:

Увс аймгийн Улаангом суманд 07.16-ны өдрийн 16:35 цагт түр зуурын усархаг бороо орсны улмаас 7 дугаар багийн “Залгамжлагч” хорооны иргэн Б-гийн 6 ханатай гэр, мөн тус сумын 4 дүгээр багийн Сургуулийн хорооны иргэн Г-гийн эзэмшлийн хүнсний дэлгүүрийн зоорийн давхар усанд автсан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 17:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж иргэн Г-гийн хүнсний дэлгүүрийн зоорийн давхарт орсон усыг соруулж, иргэн Б-гийн 6 ханатай гэр, эд хогшлыг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 4 дүгээр багийн задгайд иргэн Б-гийн 4х5 метрийн хэмжээтэй зуслангийн байшин 07.17-ны өдрийн 02:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг 07.17-ны өдрийн 03:20 цагт иргэн Х аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top