1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот Баянхонгор, Говьсүмбэр, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнгөговь, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Төв болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 19, 20-нд зарим газраар 14-16 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Түлүүгийн даваа” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 50 км-т, сумын төвөөс баруун зүгт 90 км-т/ тус аймгийн харьяат иргэн Г-гийн эзэмшлийн “Тоёота Гранд” загварын дунд оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 10:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 50 км замыг туулан 10:54 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд иргэн Д-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 14:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1,5 км замыг туулан 14:55 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын задгайд эзэнгүй 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 17:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 17:27 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багт 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 07.18-ны өдрийн 00:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 00:31 цагт очиж, 40 минут ажиллаж унтраасан.
3. Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн “Халуун рашаан” гэдэг газрын урд уулын энгэрт /сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т/ ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 07.11-ний өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 25 алба хаагч, 2 автомашинтай унтраахаар ажиллаж байна. 07.17-ны өдрийн 15:13 цагт түймрийг цурманд оруулан мөн өдрийн 23:10 цагийн байдлаар алба хаагчид 3 бүлэгт хуваагдан түймрийн баруун, зүүн, урд талд ажиллаж байна. Түймрийн голомтод унанги модонд уугилт ихтэй, салхи тогтуун байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар /Бугант багийн төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ 07.11-ний өдрийн 12:30 цагт усархаг бороо орж аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 13:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 52 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж 07.16-ны өдрийн 17.04 цагт цурманд оруулсан. 07.17-ны өдрийн 13:48 цагт түймрийг бүрэн унтрааж, Ерөө сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Атаа” гэдэг уул /сумын төвөөс хойд зүгт 148 км-т/ ойн түймрийн цэг www.fires.ru сайт дээр 07.12-ны өдрийн 15:30 цагт илэрсэн. Хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Үндэсний аврах бригадын 24 алба хаагч, нийт 44 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж, 07.16-ны өдрийн 20:30 цагт цурманд орсон. 07.17-ны өдрийн 23:10 цагийн байдлаар Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын бүлэг түймрийн баруун хойд болон баруун талаар, Үндэсний аврах бригадын бүлэг түймрийн зүүн хойд болон зүүн хэсгээр цэвэрлэгээ хийж ажилласан.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Угтаал гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 50 км/-т ойн түймрийн цэг www.fires.ru сайтад 07.13-ны өдрийн 12:00 цагт илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 9 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 19 хүн, 2 автомашинтай ажиллаж 07.16-ны өдрийн 15:04 цагт түймрийг цурманд оруулсан. 07.17-ны өдрийн 16:00 цагт түймрийг бүрэн унтрааж, Бугант тосгоны захирагч Д.Эрдэнэбулган, Ойн ангийн мэргэжилтэн Г.Энхбат нарт хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Бэрлэг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ойн түймрийн цэг www.fires.ru сайтад 07.15-ны өдрийн 12:05 цагт илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 11 алба хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 25 хүн, 1 автомашинтай ажиллаж, 07.17-ны өдрийн 10:26 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 21:18 цагт түймрийг бүрэн унтрааж, Ерөө сумын байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни багийн “Цагаан жалга” гэдэг газар /Сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ ойн түймрийн цэг 07.16-ны өдрийн 14:00 цагт www.fires.ru сайтад илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Д.Батболдоор ахлуулсан Мандал сум дахь Улаанбаатар төмөр замын харьяа “Мод боловсруулах үйлдвэр”-ийн 10 ажилтан, 1 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж байна.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Усны осол /эрэн хайх, аврах/: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн “Бугат гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 5 км-т/ “Ховд” голд тус аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн оршин суугч иргэн Ж /27 настай, эмэгтэй/ 07.02-ны өдрийн 14:20 цагийн орчим “Ховд” голд живсэн тул 07.02-10-ны өдрүүдэд тус аймгийн Онцгой байдлын газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон байсныг 07.17-ны өдрөөс дахин үргэлжлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, ар гэрийн 7 хүн, нийт 12 хүн, 3 автомашинтай 07.17-ны өдрийн 14:30 цагаас 2 бүлэгт хуваагдан ажилласан. 1 дүгээр бүлэг Ховд гол багийн “Соёмбот-Уул” гэдэг газраас Бугат сумын Буга багийн “Бригадын төв” гэдэг газар хүртэл 25 км-т завьтай, 3 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж, зангуу хаях, тэмтрэх аргаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. 2 дугаар бүлэг Өлгий сумын “Найрамдал-Уул” гэдэг газраас Бугат сумын “Тавалтайн рашаан” гэдэг газар хүртэл 20 км-т автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 22:03 цагт түр зогсоосон. 07.18-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР