Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно.   Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с, борооны өмнө түр зуур 15-17 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх,  Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутаг болон  Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, бага зэргийн бороо орно, салхи баруун хойноос 7-12 м/с, 17-19 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд төв болон зүүн аймгуудын  ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, 08-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 29, 30-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 29, 31-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, 8 дугаар сарын 01-нд ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 5х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 20:58 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 21:03 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багт орон сууцны байр шатаж байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 21:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 21:28 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт 8х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07.28-ны өдрийн 00:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 00:57 цагт очиж, 55 минут, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 9.6 км зам туулан 01:21 цагт очиж 32 минут тус тус  ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 хорооны “Ар гүнт”-ийн даваанд автомашин онхолдож төмөр эд ангид хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 07.27-ны өдрийн 19:41 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 28 км зам туулан 19:47 цагт очиход “Ар гүнт”-ийн даваанаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 1 зорчигчтой “Портер” загварын ачааны автомашин онхолдож жолооч А /38 настай, эрэгтэй/ хавчуулагдан гэмтсэн байсныг гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Чулуутын гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 15 км-т/ 07.27-ны өдрийн 11:00-11:30 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас  иргэн Ц-гийн гэр усанд автсан тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 15 км зам туулан 13:40 цагт очиж 3 иргэнийг аюулгүй газарт гарган, усанд автсан гэрийг нүүлгэн шилжүүлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Харганат багийн задгайд тус сумын харьяат иргэн К /19 настай, эмэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 07.27-ны өдрийн 17:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 01:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, тус сумын Засаг даргын Тамгын газрын 3 ажилтан, ар гэрийн 7 хүн, нийт 15 хүн, 2 автомашинтай 07.28-ны өдрийн 06:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Усны осол /эрэн хайх/: Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “ЮБИ-2” амралтын газрын гүүрнээс хойд зүгт 20 метрт Дундговь аймгийн харьяат иргэн Н /49 настай, эрэгтэй/ “Туул” голд живсэн тухай дуудлагыг 07.26-ны өдрийн 11:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 9 алба хаагч, 2 автмашин, 1 завь, нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай 100 км урсаж, 3-4 метрийн гүнд 10 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 07.27-ны өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 07.28-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top