Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Орхон, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар бороо орсон Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа. 

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 31-36 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.   

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд зүүн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8, 9-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 7-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх баг дахь “Цэнгэлдэх хүрээлэн”-д цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 17:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 17:56 цагт очиж, 2 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг дахь “Баянбүрд” үйлчилгээний төвд гал гарч байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 21:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 21:44 цагт очиж, иргэн Г-гийн эзэмшлийн 12х16 метрийн хэмжээтэй 2 давхар барилгын 1 дүгээр давхрын тааз, 2 дугаар давхрын шалны хэсэг шатаж байсныг 1 цаг 24 минут ажиллаж задаргаа хийж бүрэн унтраасан. Нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 23 алба хаагч ажилласан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 08:28 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 08:33 цагт очиж, иргэн Э-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 09:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 09:10 цагт очиж, иргэн М-ийн 7х13 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны “Бумбат” гэдэг газар /Тосгоноос хойд зүгт 15 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 15 км замыг туулан 16:40 цагт очиж, 6х6 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 00:58 цагт хүлээн авч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 01:11 цагт очиж, иргэн Г-гийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуурт багийн “Хар нуур” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 190 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 240 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 20:10 цагт хүлээн авч Хилийн 0132 дугаар ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж, 08.08-ны өдрийн 01:40 цагт бүрэн унтраасан. /Урьдчилсан байдлаар түймрийн 120 га талбай шатсан./

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар  /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /44 настай, эрэгтэй/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчим “Хэрлэн” голын усанд живсэн тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 8 алба хаагч, Эрэн хайх аврах салбарын 6 алба хаагч, нийт 18 алба хаагч, 2 автомашин, 1 завьтайтайгаар 08.04-ний өдрийн 06:00 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн. 08.04-ний өдрийн байдлаар осолдсон газраас тус сумын Сарги багийн “Ногоо бригад” гэдэг газар хүртэл зүүн зүгт 28 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 15 удаагийн шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 08.05-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар /аймгаас урд зүгт 9 км-т/ тус сумын харьяат Б /48 настай, эрэгтэй/ 08.04-ний өдрийн 12:15 цагийн орчим ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 12 алба хаагч, Эрэн хайх аврах салбарын 4 алба хаагч, нийт 18 алба хаагч, 2 автомашин, 1 завьтайтайгаар мөн өдрийн 12:39 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 08.04-ний өдрийн байдлаар осолдсон газраас зүүн зүгт 5 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 36 удаагийн шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 08.05-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн “Цагаан-Эрэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 6 км-т/ тус сумын харьяат О /43 настай, эрэгтэй, согтуу/ 08.04-ний өдрийн 15:38 цагийн орчим “Дэлгэрмөрөн” голын эрэг дээр иргэн Ц-тэй дайралдаж амиа хорлоно гээд голын ус руу орж урссан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар 6 км замыг туулан 15:46 цагт очиж, иргэн О-г “Дэлгэрмөрөн” голд урсаж байхад нь аврах ажиллагааг зохион байгуулж, 15:53 цагт эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд бага насны хүүхэд гэртээ цоожлогдож, хаалгаа онгойлгож чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.04-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 14:33 цагт очиж, иргэн Б-гийн байрны хаалганы цоож гацаж, дотор нь иргэн С /78 настай эмэгтэй/, Х /18 настай, эрэгтэй/, Х /9 настай, эрэгтэй/, Б /4 настай, эрэгтэй/, Н /2 настай, эмэгтэй/ нар түгжигдсэн байсныг тэлэгч багаж ашиглан хаалгыг онгойлгож өгсөн.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд нүхэн жорлонд хүн унаж, гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.05-ны өдрийн 01:37 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км замыг туулан 01:48 цагт очиж, иргэн Б /25 настай эрэгтэй/ 4 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж, гарч чадахгүй байсныг гаргасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багт 08.07-ны өдрийн 22:20 цагт орсон усархаг борооны улмаас Вангийн-Овоо уулнаас үер бууж, иргэн Д-гийн жолоодож явсан “Ипсум” загварын суудлын автомашин /3 зорчигчтой/ үерийн усанд суусан тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 23:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 3 албан хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 00:08 цагт очиж, 23 минут ажиллаж, автомашинд явсан иргэн Д /35 настай, эмэгтэй/, Н /10 настай, эмэгтэй/, Г /4 настай эмэгтэй / нарыг эсэн мэнд аюулгүй газарт гаргасан. Мөн автомашиныг татан гаргаж иргэн Д-д хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top