1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий, Төв аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүл багасна, бороо орохгүй, салхи зүүн хойноос 5-10 м/с. Өдөртөө 21-23 градус дулаан байна.
Төлөв байдал: 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хагаст, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 10-нд Алтайн салбар уулсаар, 11-нд нутгийн төв хэсгээр 15-17 м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн “Хөтөлийн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 42 км-т, сумын төвөөс урд зүгт 7 км-т/ Малчин Х-ийн 9х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 01:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 21 км зам туулан 02:34 цагт очиж 3 цаг 23 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Алтан-Овоо”-гийн 40 дүгээр гудамжинд Иргэн Б-ийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 23:26 цагтхүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7.5 км зам туулан 23:37 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир багийн 16 дугаар гудамжиэд Иргэн П-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 23:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 23:37 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
3.Зам, тээврийн осол:
Автозамын осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Эмээлт” гэдэг газар /Улаанбаатар хотоос баруун зүгт 35 км-т/ 1 зорчигчтой суудлын автомашин онхолдож 1 хүн гэмтсэн байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 35 км замыг туулан 19:18 цагт очиход “Эксел” загварын суудлын автомашин онхолдож тус хорооны харьяат иргэн Д/30 настай, эрэгтэй/ гэмтсэн байсан тул эсэн мэнд гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн.
Төв аймгийн Баянцагаан сумын Алтад багийн “Зуугийн-Овоо” гэдэг газар / Төв аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км, Дундговь аймгийн төвөөс хойд зүгт 100 км-т/ 2 суудлын автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдан нас барсан байна гэсэн дуудлагыг 08.06-ны өдрийн 15:53 цагт хүлээн авсан. Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай 100 км зам туулан 17:50 цагт очиход Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Сайнцагаан сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан “Приус-20” загварын суудлын автомашин, “Королла” загварын суудлын автомашинтай мөргөлдөж Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн харьяат иргэн Г /53 настай, эрэгтэй/, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны харьяат иргэн Г /41 настай, эрэгтэй/, Дундговь аймгийн Луус сумын 1 дүгээр багийн харьяат иргэн Э/27 настай, эмэгтэй/, У /5 сартай, эмэгтэй/ нарын цогцсыг гаргаж Төв аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Аянга: Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн “Шээрэн” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 80 км-т/ 08.06-ны өдрийн 16:00-18:00 цагийн хооронд дуу цахилгаантай бороо орж аянга буусны улмаас малчин Б-ын 10 бог мал аянгад ниргүүлж хорогдсон. Мэдээллийг тус сумын Засаг дарга Х.Шагдаржав мөн өдрийн 21:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Үер – Усанд автсан: Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо 08.06-ны өдөр үргэлжлэн орсон борооны улмаас “Уурхайчид”-ын 25, 26, 27 дугаар гудамж усанд автсан тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 10 алба хаагч, 1 автомашин, тус дүүрэг дэхь Цагдаагийн хэлтсийн 3 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 250 метрийн урт үерийн ус зайлуулах даланг цэвэрлэж усыг зайлуулсан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 7, 24, 27 дугаар хороо 08.06-ны өдөр үргэлжлэн орсон борооны улмаас “Мана” амралтын газрын барилгын зоорийн давхар, мөн 27 дугаар хорооны “Чухаг” хотхоны 21 дүгээр байрны зоорийн давхар, 7 дугаар хорооны “Хилчин”-ий 119 дүгээр гудамж, усанд автсан тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 09:49 цагаас 15:50 цагийн хооронд хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж “Мана” амралтын газрын барилга 21 дүгээр байрны усыг насосоор соруулж, гудамжны усыг 5 метрийн урт шуудуу ухаж зайлуулсан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо 08.06-ны өдөр үргэлжлэн орсон борооны улмаас “Тахилт”-ын 4 дүгээр гудамжны 21, 67, 128 тоот хашаа, мөн тус хорооны “Доод салхит”-ын 6 дугаар гудамжны 52/а, 52/б, 53 тоот хашаа, Хандгайт зуслангийн “Задгай”-д иргэн Н-ын гэр усанд автсан тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 12:10 цагаас 13:30 цагийн хооронд хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 10 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 5-10 метрийн урт шуудуу ухаж усыг зайлуулсан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4, 10 дугаар хороо 08.06-ны өдөр үргэлжлэн орсон борооны улмаас 35 дугаар байрны зоорийн давхар, 1 айлын хашаа, гэр усанд автсан тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж гэр, хашааны усыг 5 метрийн урттай шуудуу ухаж, байрны зоорийн давхарт орсон усыг насосоор соруулан зайлуулсан.
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо 08.06-ны өдрийн үргэлжлэн орсон борооны улмаас “Рашаант”-ын 13 дугаар гудамжны 671 тотод 1 гэр, 688 тоотод 1 байшин усанд автсан тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 17:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж гэр, байшингийн усыг насосоор соруулан зайлуулсан.
5.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Завилаа шанд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 7 км-т/ Иргэн У /37 настай, эмэгтэй/ 08.05-ны өдрийн 04:00 цагт малынхаа араас явган гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 08.06-ны өдрийн 06:50 цагт/ээж С нь аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын 10 алба хаагч, 1 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 6 ажилтан, 1 автомашин, нийт 16 хүн, 2 автомашинтай 08.06-ны өдрийн 08:25 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 10:45 цагт тус багийн “Хар цав” гэдэг газар, гэрээс нь баруун урд зүгт 4 км-ээс эсэн мэнд олсон.
Усны осол /эрэн хайх, аврах/: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /44 настай, эрэгтэй/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчим “Хэрлэн” голын усанд живсэн тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 08.06-ны өдрийн байдлаар осолдсон газраас “Хэрлэн” гол дагуу 30 км-т явганаар болон завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 10 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. Үндэсний Аврах бригадын 8 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 08.06-ны өдрийн 14:30 цагт явж мөн өдрийн 21:42 цагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд очиж хоносон. 08.07-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ногоо бригад” гэдэг газар /аймгаас урд зүгт 9 км-т/ тус сумын харьяат Б /48 настай, эрэгтэй/ 08.04-ний өдрийн 12:15 цагийн орчим ногоо усалдаг усалгааны системийн хоолойг “Хэрлэн” голын уснаас гаргах гэж байгаад унаж, живсэн тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 08.06-ны өдрийн байдлаар осолдсон газраас зүүн зүгт 38 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 10 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 08.06-ны өдрийн 17:10 цагт явж мөн өдрийн 23:20 цагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд очиж хоносон. 08.07-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР