Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхогор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв аймгуудын нутгаар бороо орсон.

   Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Үдээс өмнө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос 6-11 м/с. Өчигдөрөөс сэрүүсч 19-21 градус дулаан байна.

Төлөв байдал: 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө  22-27 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Объектын түймрийн мэдээлэл: Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Дэлгэрэнгүй хороолол 03 дугаар гудамжинд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 220 км-т/ Иргэн М-ын 5х7 харьцаатай байшин 08.11-ний өдрийн 03:50 цагт бүрэн шатсан тухай мэдээллийг 08.11-ний өдрийн 09:45 цагт хүлээн авсан. Орон нутгийн 35 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, унтраасан тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Үер: Дархан-Уул аймгийн Дархан суманд 08.11-ний өдрийн 18:23 цагийн орчим аадар бороо орж  үер буусны улмаас 12 айлын гэр, хашаа байшин усанд автсан тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 18:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 3 автомашинтайгаар 19:20- 22:00 цагийн хооронд ажиллаж, үерийн усны гольдролыг өөрчилж, 1 айлын гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн “Манзуширын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 21 км-т/ “Билгүүн туул” ХХК-ийн зохион байгуулсан Богд-Хан уулнаас “Цэцээ гүн”-ний оргил өөд явган аялал хийж явсан БНСУ-ын иргэн Л /61 настай, эмэгтэй/ 08.11-ний өдрийн 17:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг 17:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашин, тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, 2 автомашин тус аймгийн цагдаагийн газрын 10 алба хаагч, 1 автомашин, нийт 32 алба хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Бусад: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхээс Хайлаастын чиглэлд шинээр тавигдаж байгаа автозамд далан руу автомашин унах гээд байна гэсэн дуудлагыг 08.11-ний өдрийн 18:10 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 13 км зам туулан 18:27 цагт очиж, 20 минут ажиллаж иргэн М-ийн “Пронтер” загварын автомашин далан руу унах гэж байсныг татан гаргасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Баянцагаан гэдэг газар “Туул” голын усанд автомашин сууж, иргэд голд боогдсон тухай дуудлагыг 08.11-ний өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 30 км зам туулан 21:23 цагт очиж, 30 минут ажиллаж, иргэн Б-ын “Ланд Крузер-200” загварын автомашин голд сууж, иргэн Ч /27 настай, эрэгтэй/, Т /26 настай, эрэгтэй/, С /26 настай, эмэгтэй/, Б /26 настай, эмэгтэй/ нар голын усан боогдож гарч чадахгүй байсныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top