Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, Алтайн өөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи хойноос 5-10 м/с, борооны өмнө түр зуур ширүүсч, 20-22 градус дулаан байна.

Төлөв байдал: 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. 17-18-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 15-16-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 16-наас ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит багийн 3 дугаар хэсгийн 30 тоот Иргэн Ц-ын эзэмшлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 12:13 цагт очиж, 5х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 1 цаг 17 минут ажиллан унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нисэх багийн 6 дугаар гудамжинд Иргэн Н-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 12:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 12:23 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн “Доной нисэг буудал” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүг 32 км, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ Иргэн А-ийн эзэмшлийн гэр, автомашин, мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 13:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 6 алба хаагч 1 автомашинтай 32 км замыг туулан 13:50 цагт очиж, 5 ханатай гэр, 73-53 ЗАН улсын дугаартай “Портер” загварын ачааны автомашин, мотоцикл тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 8 дугаар гудамжинд Иргэн А-ийн амбаар, мотоцикл шатаж байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 14:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.8 км замыг туулан 14:16 цагт очиж, 4х6 метрийн хэмжээтэй 2 амбаар, 10-20 ГАА улсын дугаартай мотоцикл тус тус шатаж байсныг 28 минут ажиллаж унтраасан.

3.Мэдээлэл:

Гал түймрийн талаар: Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн “Хос” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 270 км-т, сумын төвөөс баруун зүгт 22 км-т/ Тус сумын харьяат малчин Д-ийн 8 ханатай гэр 08.13-ны өдрийн 15:00 цагт бүрэн шатсан тухай Засаг даргын Тамгын газрын дарга Б.Гэрэлцэцэг мөн өдрийн 17:34 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Мэдээллийн дагуу ажлын хэсэг (тус сумын Жаргалант багийн дарга Д.Эрдэнэбат, Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч дэслэгч Н.Норовсүрэнгээр ахлуулсан нийт 5 хүн, 2 автомашин) тухайн газар 08.13-ны өдөр очиж ажилласан.    

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шивээт багийн 7 дугаар гудамжинд Иргэн Ц-ын 5 ханатай гэр 08.13-ны өдрийн 19:30 цагийн орчим бүрэн шатсан. Орон нутгийн 25 иргэн, 3 автомашинтай ажиллаж бүрэн унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат мөн өдрийн 20:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Ховд аймгийн Ховд  сумын Баянбулаг багийн “Бугатын-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/ тус сумын харьяат малчин Н /2 настай, эрэгтэй/ 08.13-ны өдрийн 15:00 цагийн орчим гэрээсээ /гэрийнхэн нь малдаа явах үед гэртээ ганцаараа үлдсэн/ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 21:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 7 алба хаагч, 1 автомашин,  аймгийн Цагдаагийн газрын 15 алба хаагч, 2 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 6 ажилтан, 1 автомашин, нийт 28 хүн, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:30 цагаас зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 08.14-ний өдрийн 03:00 цагт түр зогсоосон. 08.14-ний өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.

Голын усанд суусан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо “Сэлбэ” голын усанд 2 автомашин сууж, зорчигчид нь автомашин дээрээ байна гэсэн дуудлагын 08.13-ны өдрийн 12:44 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай 22 км замыг туулан 13:19 цагт очиж, “Старекс”, 43-02 “Приус-11” загварын суудлын автомашин “Сэлбэ” голын усанд суусан байсныг татан гаргаж, тухайн 2 автомашинаар зорчиж явсан нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Сургуулийн 22 дугаар гудамжны оршин суугч иргэн Д /59 настай, эрэгтэй/, Д /58 настай, эмэгтэй/, Т /30 настай, эрэгтэй/, Б /13 настай, эмэгтэй/, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Чингэлтэй 19 дүгээр гудамжны оршин суугч иргэн  С /54 настай, эрэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гаргасан.

Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтлийн 67 дугаар байранд цонхны төмөр хамгаалалтын завсар хүн толгойгоо оруулаад гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг 08.13-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч 2 автомашинтай 6.5 км замыг туулан 18:38 цагт очиж, иргэн Э/50 настай, эрэгтэй/ цонхны төмөр хамгаалалтын завсар толгойгоо оруулаад буцаан гаргаж чадахгүй байсныг задаргааны багаж ашиглан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top