Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг ирэх 09 дүгээр сарын 09-21-ний өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна.
“Бүсийн удирдлага зохион байгуулалт, харилцан ажиллагаа“ сэдвээр зохион байгуулагдах тус сургуулийн бэлтгэл ажлын явцтай ОБЕГ, АНУ-ын Цэргийн атташе болон холбогдох албаны төлөөллүүд танилцлаа.
Энэ удаагийн “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуульд Монгол Улс, АНУ-ын оролцогчдоос гадна Бангладеш, Индонези, Казахстан, Киргистан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам, Австрали, Канад, Чили, Франц, Унгар, Израиль, Япон, Шинэ Зеланд, Бүгд Найрамдах Солонгос Улс, Турк, Их Британи болон НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл, гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцох юм.
Мөн гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах болон мэргэжлийн анги, салбаруудыг чадавхжуулах зорилгоор Монгол, Америкийн аврагчид хамтран дууриалган үзүүлэх дадлага сургуулийг хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.