“Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн хэрэгжүүлэх бага хурал”-д оролцлоо

69517160_507147443187151_2793476141254443008_n.jpg

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Онцгой байдал, иргэний хамгаалалтын хороо, Онцгой байдлын яам хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн хэрэгжүүлэх бага хурал”-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн нар оролцлоо.

  Хошууч генерал Т.Бадрал тус хурлын нээлтийн ажиллагаанд оролцож, хэлсэн үгэндээ “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр бодлогын баримт бичиг”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги” зэрэг хөгжлийн хөтөлбөрүүдийг Монгол Улсын Засгийн газар тууштай хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас шалтгаалсан гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг 2018 оны долдугаар сард Монгол Улсад зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөө 2018-2020”-ыг баталсан нь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээрх бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болсон юм” хэмээн онцоллоо.

Энэ удаагийн бага хурлаар Сендайн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай “Душанбегийн тогтоол”-ыг баталсан бөгөөд Монгол Улсаас “Гамшгийн хохирол, эрсдэлийн мэдээллийн бүсийн болон олон улсын нэгдсэн санг ашиглах бололцоог улс орнуудад хангах”, “Үндэсний болон бүсийн түвшинд ажилладаг судалгааны хүрээлэнгүүдийг дэмжиж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын судалгаа хийж үйл ажиллагаанд өргөнөөр ашиглах” гэсэн хоёр чиглэлийн саналыг тогтоолд орууллаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Европын платформын хурал 2018 онд Италийн Ром хотноо зохион байгуулагдаж “Ромын Тунхаглал”, 2019 онд Бүгд Найрамдах Армен Улсад зохион байгуулагдаж “Ереваны тунхаглал”-ыг баталсан. Эдгээр баримт бичгүүдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ, нотолгоонд суурилсан хот төлөвлөлт, газар ашиглалт, дэд бүтэц, барилга байгууламжийн төлөвлөлтийг хийх тухай, хот суурин газрын хүн амыг гамшигтай тэсвэртэй байх чадавхыг бэхжүүлэх талаар тусгасан нь Ази, Номхон далайн бүсийн платформ, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сайд нарын бага хурлаас гарсан “Улаанбаатарын тунхаглал” баримт бичгийн зорилттой уялдаж байгаа юм.

Бага хуралд Афганистан, Тажикстан, Узбекистан, БНХАУ, Энэтхэг, Казахстан, Пакистан, Туркменистан болон бусад олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top