О.Уранбилэг
Хүүхдийн сурч боловсрох орчинг аюулгүй, эрсдэлгүй байгаа эсэхийг шалгаж Онцгой байдлын байгууллагаас энэ сарын 19-30 хүртэл төр, хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгүүдэд ажиллаж байна. Гэвч дийлэнх нь хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгааг Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хэлж байлаа. Боловсролын байгууллагууд гал түймэр, цахилгаантай холбоотой аюулгүй байдлыг бүрэн хангаагүй зөрчил түгээмэл байгаа талаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, ахмад У.Ганзориг “Шалгалтын явцад гарч буй дийлэнх зөрчил галын аюулгүй байдал алдагдсан, ил задгай кабелийн утас их, галаас сэргийлсэн дохиоллын систем байршуулаагүй байна. Байгууллагуудад Гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтын байцаагчийг заавал биелүүлэх албан шаардлагыг хүргүүлж байна. Энэ албан шаардлагын гүйцэтгэл, биелэлтийг ирэх сарын 16-аас дахин үзлэг хийж шалгана” гэв. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хүргүүлж буй зөвлөмжид гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах, гал унтраах багаж хэрэгслийг нормын дагуу байрлуулах, сургуулийн орчимд ил гарсан цахилгааны утас, хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, хашаан доторх нүх, хогийн сав, худаг зэргийг таглаж битүүмжлэх, хүүхдийн биед гэмтэл учруулж болзошгүй хурц үзүүртэй техник хэрэгслийг хориглох зэрэг агуулгыг багтаажээ.
Мөн ашиглалтад ороод удаж байгаа барилгуудын аврах гарц шаардлага хангахгүй байжээ. Шалгалтын үеэр Нийслэлийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунчимэг “Гэнэтийн ослын үеэр хүүхдүүд барилгаас хурдан гарах ёстой. Манайх шиг зарим цэцэрлэгүүдэд мэргэжлийн цахилгаанчин байдаггүй. Холбогдох газарт хүсэлт тавиахаар шийдвэрлэж өгдөггүй. Олон удаа хүсэлт өгсөн. Гадна орчны цахилгаантай холбоотой асуудлыг хүүхдүүдийн эцэг эхчүүдээр гуйж хийлгүүлж байна. Цэцэрлэг бол сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн онцгой бүс” гэв. Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр цэцэрлэгүүдийн хувьд анги бүр аврах гарцтай байх ёстой аж. Гэвч анги бүр байтугай цэцэрлэгийн барилгад аврах гарц хангалтгүй байгаа нь шалгалтаар илэрчээ.
Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсийн алба хаагчид сургууль, цэцэрлэгүүд аливаа ослын үед бэлэн байгаа эсэхийг шалгаж өчигдөр 25 дугаар сургууль, 16 дугаар цэцэрлэгт ажилласан юм. Энэ үеэр сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сурагчдад жил бүр гамшгаас хамгаалах хичээл сургалт, хөтөлбөрүүдийг тэдний насны онцлогт тохируулж явуулдаг талаар сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хэлж байв. Мөн цэцэрлэг, сургуулиуд аюулгүй байдлыг хангахад төсөв хүрэлцдэггүй гэнэ. Энэ талаар Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Ж. Хүдэрчулуун “Гамшгаас хамгаалах хуульд зааснаар төрийн болон төрийн бус байгууллагууд жилийн төсвийн нэг хувийг гамшгийн эрсдэлээс хамгаалахад зориулах ёстой. Харин энэ нь бодит байдал дээр хэрэгжилт муутай байна” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.8.28 ЛХАГВА №171 (6138)