Цаг уур орчны шинжилгээний газраас Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн тооцоолж гаргасан байна.
Нийт нутгийн 70 орчим хувьд зуншлага хэвийн, 30 гаруй хувьд дунд зэргийн үнэлгээтэй байна. Харин нийт нутгийн 60 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 40 шахам хувьд хэтэрч гарчээ. Аймгийн дүнгээр авч үзвэл Архангай, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Ховд аймгуудын ихэнх нутгаар даац хэтэрч гарсан байна.
Мөн Архангай аймгийн Ихтамир, Өлзийт, Өгийнуур, Булган аймгийн Рашаант, Говь-Алтай аймгийн Халиун, Төгрөг, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Адаацаг, Сайнцагаан, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Баянгол, Бүрд, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Сант, Тарагт, Уянга, Хайрхандулаан, Төв аймгийн Дэлгэрхаан, Увс аймгийн Завхан, Ховд аймгийн Булган, Буянт сумын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн.
Иймд өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан аймаг, сумын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх зэргээр мал өвөлжилт хаваржилтад эртнээс бэлдэхийг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.