Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх талаар багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг дээшилж байна

0140d2_69266578_443193542950987_7515752379233337344_n_x974.jpg

Хичээлийн шинэ жил хаяанд ирж буй энэ үед цэцэрлэгийн багачууд болон сурагч хүүхдүүдийн аюулгүй байдал юу юунаас илүү чухал билээ.

Тийм ч учраас Онцгой байдлын ерөнхий газраас улс даяар болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 19-нөөс сургууль, цэцэрлэгийн барилгуудад хийж эхлээд байна.
 
Энэ хүрээнд шалгалтын явц ямар байгааг сурвалжлахаар Улсын тэргүүний 33 дугаар дунд сургуулийг зорилоо.
 

Нийслэлийн сургуулиудын барилгын ажлын гүйцэтгэлийн явцад гарч буй түгээмэл дутагдал нь он удаан жил ашиглах тус обьектуудын ирээдүйд нэмэгдэх цахилгааны ачааллыг тооцоололгүй ажлаа дуусгах, улсын ажил гүйцэтгэхээр тендер авсан хэрнээ гэрээний хугацааг биелүүлдэггүй, дутуу ажил хүлээлгэж өгөх зэрэг тохиолдол цөөнгүй гарч байгаа аж. 

Нийслэлийн 33 дугаар сургуулийн хувьд бага сургууль нь дөрвөн давхар, дунд болон ахлах сургууль нь гурван давхар байранд хичээллэдэг ба 179 багш ажилчид, 3,580 сурагчтай. 

Тус сургуульд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Ц.Мѳнхбаатар аюулгүй байдлын шалгалтыг хийж, зохих зѳвлѳгѳѳг ажилчдад ѳгсөн. 
 
Шалгалтын явцад 

  • галын хорыг зориулалтын бус зүйлд ашиглаж байрнаас нь хөдөлгөсөн
  • цахилгааны өндөр хүчдэлтэй шийтний өрөөнд сантехникч нь байрлан ажиллаж байсан
  • цахилгааны хүчдэлийн хэмжилт хийлгээгүй
  • усан хангамжийг ажиллуулж, туршиж үзээгүй байсан зэрэг зөрчил илэрсэн юм. 

Тухайлбал, тухайн объект ямар зориулалтаар ашиглагдаж байгаагаас хамааран гал унтраах хэрэгслийг байршуулах стандарт өөр өөр байдаг байна. Жирийн шатах материал бага талбайд 50 м2 тутам гал унтраах хэрэгсэл байршуулах, мөн гал тогоо, химийн кабинет гэх мэт шатах материал ихтэй газруудад 25 м2 тутамд нэгийг байршуулах нормтой ажээ. 

Харин сургуулийн ажилтан “Засварын ажил өчигдөр дууссан тул бид стандартын дагуу байрлуулж хараахан амжаагүй байна” гэсэн тайлбар өглөө. 
 
Сургууль, цэцэрлэгүүд засварын ажилтай холбоотойгоор замбараагүй байх нь цөөнгүй байгаа тул шаардсан хугацаанд зөрчил дутагдлаа засаж шийдвэрлэхийг Ц.Мөнхбаатар үүрэг болгож, эргэн хяналт тавихаа мэдэгдсэн юм. Ингэснээр бид болзошгүй аюулаас үүдэх хохирлыг тодорхой хэмжээнд бууруулж, урьдчилан сэргийлж чадах билээ. 

Энэ үеэр шалгалтын ерөнхий явцын талаар болон зарим зүйлийг Баянзүрх дүүргийн ОБХ-ийн мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Должинсүрэнгээс тодрууллаа. 
 
-Болзошгүй гамшгаас хамгаалах хяналт шалгалтын ач холбогдол нь юу вэ?

-Их дээд сургууль, ЕБС, цэцэрлэгүүдэд жил бүр хичээлийн нээлт эхлэхээс ѳмнѳ шалгалт явуулдаг байгаа. Ингэснээр түрүү жилийн алдаа дутагдлаа нөхөж үү, хэрэгжилт ямар байна вэ гэдгийг хянах, стандартын дагуу багаж хэрэгсэл байршуулсан эсэхийг шалгах гээд таашгүй эрсдэлээс хамтдаа урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

-Манайд ямар бодит эрсдэл байгаа вэ?

-Бүх зүйл стандартын бус байвал энэ бүхэн өөрөө бодит эрсдэл болно. Жишээ нь, цахилгааныхаа даах ачааллын хэмжилтийг хийлгээгүй байж тоног төхөрмжөө нэмээд л байвал энэ маш том эрсдэл.
 
-Эрсдэлийн талаар илүү дэлгэрүүлэхгүй юу. Тухайлбал, эдийн засгийн хувьд хэдий хэмжээний хохирлоос сэргийлэх боломжтой?

-Баянзүрх дүүргийн хэмжээнд л гэхэд объектын гал түймэр жилд дунджаар 700-800 удаа гардаг. Тиймээс шалгалтын хүрээнд тодорхой хугацаанд өгсөн үүрэг даалгаврыг тухай бүрт нь биелүүлбэл гарч болзошгүй хохирлыг хэд дахин багасгаж чадна. Магадгүй бид үзэж шалгаагүйн улмаас гал алдах боломжтой зүйлсийг илрүүлэхэд материаллаг хохиролд тэр чинээгээрээ бага өртөнө.

-Боловсролын байгууллагуудад тавьж буй гол шаардлага нь юу?

-Боловсролын байгууллагууд гамшгаас хамгаалах төлөвлөгөөгөө боловсруулчихсан, галын аюулгүй байдлыг хамгаалах норм стандартыг биелүүлэх анхан шатны багаж хэрэгслээр хангагдсан, мэргэжлийн байгууллагын хэмжилтүүдийг хийлгэх, тэмдэг тэмдэглэгээгээр хангасан, зориулалтын шийтний өрөөтэй байх бөгөөд хүүхдийн орчин тул заавал галын аюулаас урьдчилан сэргийлэх дохиоллыг байршуулсан, аврах гарц чөлөөтэй, цугларах цэг нь аюулгүй байх гэх мэтчилэн стандартыг хангасан байх ёстой. Үүний дагуу бид шалгаж байна.

-Улсаас сургуулиудад багаж хэрэгсэл авахад зориулсан санхүүжилт ѳгдѳг үү?

-Улсаас гэхээсээ илүүтэй тухайн байгууллага төрийн бус гэсэн статустай бол жилийн төсвийн 1.5%, улсын байгууллага бол жилийн төсвийн 1.0%-ийг болзошгүй аюул гамшгаас хамгаалах багаж хэрэгсэл, үйл ажиллагаанд захиран зарцуулах эрхтэй болохыг Гамшгаас хамгаалах шинэчилсэн хуульд тусгаж өгсөн байдаг. 

-Сургууль, цэцэрлэгүүд дээр дурдсан шаардлуудыг хэр хангаж байна вэ?

-Ихэнх байгууллага гал унтраах анхан шатны багаж хэрэгслээ байрлуулаагүй, усан хангамжаа шалгаагүй, зарим сургууль бүр аваад хаячихсан, эсвэл өөр зүйлд ашиглаж байх жишээтэй байна. Гамшгийн үед хэрэглэх зүйлс нь жирийн үед хэрэглэх зүйл биш гэдгийг иргэд маань ч гэсэн ойлгож авах хэрэгтэй.

-Багш, ажилчид анхан шатны мэдлэггүй байна гэж ойлгож болох уу?

-Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалт үнэ төлбөргүй байдаг. Тиймээс тухайн байгууллага сургалт авах хүсэлтээ албан бичгээр тухайн дүүргийнхээ Онцгой байдлын хэлтэст ирүүлснээр хуваарьт оруулж, сургалт явуулах боломжтой.

-Таны зүгээс ѳгѳх өөр зѳвлѳгѳѳ юу байна вэ?

-Иргэд маань гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг бололцоот бүх хэрэгслээр аваасай. Мөн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд хойш тавилгүй оролцож байхыг уриалмаар байна.


Баянзүрх дүүргийн хэмжээнд ерөнхий боловсролын 46 сургууль, 211 цэцэрлэг, 12 их, дээд сургууль гамшиг, эрсдлээс хамгаалах уг шалгалтад хамрагдах ёстойгоос одоогийн байдлаар 42 объект хамрагдаж, ажлын явц 16 хувьтай байна. Тухайн сургууль, цэцэрлэгүүдийн томилогдсон мэргэжилтнүүд эзгүйгээс болоод шалгалтын явц ийнхүү удааширч байгаа аж. 

Гэхдээ өнгөрсөн жилтэй харьцуулахад багш, сурган хүмүүжүүлэгчдийн гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх талаар тодорхой мэдлэг мэдээлэлтэй болсон нь шалгалтын явцад ажиглагдаж байгаа талаар Онцгой байдлын алба хаагчид хэлж байв. Нэгэнт хэрэгжүүлээд, стандартаа бариад эхэлсэн газар түүнийгээ улам сайжруулаад явдаг тул шалгалт явуулж, хэрэгжилтийг хангуулах ач холбогдолтой болох нь харагдаж байлаа. 

Шалгалт 30-ныг дуустал үргэлжлэх юм. 

Эх сурвалж: ikon.mn

scroll to top