Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өвөрхангай аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 17-22 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ, бороо орохгүй, салхи зүүн өмнөөс 5-10 м/с, 24-26 градус дулаан байна.

Төлөв байдал: 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь, тал хээрийн нутгаар, 9-нд Алтайн салбар уулсаар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Төрийн өмчид гарсанГовь-Алтай аймгийн Халиун сумын 1 дүгээр багт ерөнхий боловсролын сургуулийн хуучин 11х5 метрийн хэмжээтэй 2 давхар барилга шатаж байна гэсэн дуудлагыг 09.05-ны өдрийн 05:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 05:45 цагт Халиун сумын чиглэлд явсан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн “Орхоны гүүр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 2 км-т/ суудлын автомашин мөргөлдөж 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг 09.05-ны өдрийн 01:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 01:47 цагт очиход Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан  “Алион” загварын суудлын автомашин, Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан “Тенна” загварын суудлын автомашинтай мөргөлдөж “Алион” загварын суудлын автомашинд зорчиж явсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат иргэн Ц /53 настай, эмэгтэй/, “Тенна” загварын суудлын автомашинд зорчиж явсан Увс аймгийн Улаангом сумын харьяат иргэн Н /52 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Аянга: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн “Жаргалант” гэдэг газар  /сумын төвөөс зүүн хойд зүгт 5 км-т/ 09.03-ны өдрийн 16:00 цагт иргэн А-гийн гэр дээр аянга буусны улмаас иргэн А /23 настай, эмэгтэй/ нуруу, хөл нь түлэгдсэн, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга 09.04-ний өдрийн 10:53 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт тус сумын харьяат иргэн Д /39 настай, эрэгтэй/ 09.04-ний өдрийн 13:30 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.04-ний өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба  хаагч 1 автомашинтай мөн өдрийн 20:20 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 23:00 цагт түр зогсоосон. 09.05-ны өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

6. Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн “Дунд тоом” гэдэг газар  /сумын төвөөс зүүн  зүгт 20 км-т/ 09.03-ны өдрийн 17:00 цагт иргэн Б-гийн 5 ханатай гэр шатсан. Уг гал түймэрт иргэн Б /40 настай, эрэгтэй/ нүүр, гарын хэсгээр бага зэрэг түлэгдсэн. Мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баяраа 09.04-ний өдрийн 11:25 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Нарийн салаа” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 90 км-т/ иргэн Б-гийн 8 ханатай гэр 09.03-ны өдрийн 21:00 цагт шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч 09.04-ний өдрийн 13:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Бусад төрлийн мэдээлэлЗавхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн “Бага нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 430 км-т, сумын төвөөс баруун зүгт 280 км-т/ “Бага нуур”-ын усанд олон тооны усны шувуу /бор галуу, цахлай, алаг нугас/ үхсэн байна. Мөн 20 орчим шувуу өвчилсөн байна гэсэн мэдээллийг тус сумын Засаг дарга Ч.Батдөл 08.30-ны өдрийн 13:50 цагт /08.31-ний өдрийн 09:34 цагт/ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. Мэдээллийн дагуу ажлын хэсэг (Онцгой байдлын газрын 2, Цагдаагийн газрын 5, Зооноз өвчин судлалын төвийн 3, Мал эмнэлэг үржлийн газрын 1, Эрүүл мэндийн газрын 1, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 1, нутгийн захиргааны байгууллагын 9, нийт 22 алба хаагч, 5 автомашинтай) 09.01-ний өдрөөс тухайн газарт ажиллаж байна. 09.01-ний өдөр үхсэн шувуу болон хөрс, усаас дээж авч УМЭАЦТЛ-д 09.03-ны өдөр шинжилгээнд ирүүлсэн. 09.03-ны өдрийн байдлаар үхсэн 16 зүйлийн 1521 шувуудыг булж устган, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. 09.04-ний өдөр урьдчилсан шинжилгээний хариугаар гоц халдварт өвчний нян илрээгүй тул эсийн шинжилгээ хийх зорилгоор дээж ургуулж байгаа тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Б.Ядамжав мэдээлсэн. Эсийн шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top