Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна

J1A1125.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг энэ сарын 09-21-ний өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулах гэж байна.

Тус сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, дадлага сургуулийг зохион байгуулахаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдрөөс тус аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, сургалт, дадлага сургуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өглөө.

 Энэ удаагийн “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын сургалт, дадлага сургууль “Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд дөрвөн үндсэн чиглэлээр зохион байгуулагдах юм.

Дадлага сургуульд  Монгол Улс, АНУ-ын оролцогчдоос гадна Бангладеш, Индонези, Казахстан, Киргистан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам, Австрали, Канад, Чили, Франц, Унгар, Израиль, Япон, Шинэ Зеланд, Бүгд Найрамдах Солонгос Улс, Турк, Их Британи болон НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл, гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын 300 гаруй төлөөлөгч оролцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top