Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн нутгийн зарим хэсгээр бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, 23-25 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 11-12-нд ихэнх нутгаар, 13-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 12,13-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 14:30 цагт очиж, иргэн Ц-гийн эзэмшлийн 4х7 метрийн хэмжээтэй байшин, иргэн Ү-гийн 5 ханатай гэр, иргэн Г-гийн 4х7 метрийн хэмжээтэй байшин, иргэн Б-гийн 4 ханатай гэр тус тус шатаж байсныг задаргаа хийж 2 цаг 40 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт багийн иргэн Б-гийн эзэмшлийн 10х16 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүрийн үүдний хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 17:35 цагт хүлээн авч тус сумын сайн дурын 20 иргэн 3 автомашинтай ажиллаж, 17:55 цагт бүрэн унтрааж, иргэн Б-д хүлээлгэн өгсөн гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Батжаргал аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Ховд” голын усанд /аймгийн төвөөс баруун урд зүгт 180 км-т, сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ 09.08-ны өдрийн 16:30 цагийн үед тус сумын харьяат иргэн Д-гийн хүү Д /1 нас 6 сартай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг 09.08-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 3 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 18 иргэн, 9 мотоцикл, нийт 24 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 09.09-ний өдрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, мөн өдрийн 12:40 цагт тус сумын Ховд багийн “Хужир булан” гэдэг газар (гэрээс нь баруун зүгт 3 км-т)-т “Ховд” голын уснаас цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Төв цэвэрлэх байгууламж”-ийн 2 дугаар сараалжны хэсэгт хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 09.09-ний өдрийн 11:14 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 13 км замыг туулан 11:42 цагт очиж, тус цэвэрлэх байгууламжийн 2 дугаар сараалжны 1.5х2 метрийн хэмжээтэй төмөр хийц дээр нэр, нас харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. /Цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top