“Саадтай 100 метрийн гүйлт”-ийн төрөлд дэлхийн дээд амжилт шинэчлэгдлээ

12-111.jpg

Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах 15 дахь удаагийн тэмцээн ОХУ-ын Саратов хотод явагдаж байна.

Тэмцээнд ОХУ, Казакстан, Узбекстан, Монгол, Герман зэрэг 20  орчим орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр аваргуудаа шалгаруулна.

Тэмцээний “Довтолгооны шат”-ны төрөлд Бүгд Найрамдах Беларус Улсын тамирчин Уколов Никита 12,78 секундийн амжилтаар 1 дүгээр байр, Оросын Холбооны Улсын тамирчин Курганский Константин 12,89 секундийн амжилтаар 2 дугаар байр, Титоренко Станислав 13,12 секундийн амжилтаар 3 дугаар байр тус тус эзэлсэн байна.

Харин “Саадтай 100 метрийн гүйлт”-ийн төрөлд Оросын Холбооны Улсын тамирчин Владимир Сидоренко 14,76 секундийн амжилтаар 1 дүгээр байр, Бүгд Найрамдах Чех Улсын тамирчин Даниель Клвана 14,81 секундийн амжилтаар 2 дугаар байр, Оросын Холбооны Улсын тамирчин Дамир Курбанов 18,41 секундийн амжилтаар 3 дугаар байр тус тус эзэлжээ.

Түүнчлэн Оросын Холбооны Улсын тамирчин Владимир Сидоренкогийн эзэмшиж байсан 14,75 секундийн амжилтыг хагас шигшээ гүйлтэд БНЧУлсын тамирчин Даниель Клвана 14,70 секундийн амжилтаар эвдэж, “Саадтай 100 метрийн гүйлт”-ийн төрөлд дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “4х100 метрийн буухиа гүйлт”, 14-ны өдөр “Байлдааны тархалт”-ын төрлүүдээр үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top