Т.Энхтүвшин: Эрсдэлийг тодорхойлж, гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог аймаг, орон нутгийнхаа онцлогт тохируулан нэвтрүүлэх нь чухал

69876382_2348717331912830_3317004423816806400_n.jpg

  Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг 2019 оны 09 дүгээр сарын 09-21-ний өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй ярилцлаа.

-“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг аймаг, орон нутагтаа зохион байгуулах гол үндэслэл юу байв?

Дадлага, сургуулийг аймагтаа зохион байгуулах хэд хэдэн үндэслэл байсан. Тухайлбал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа томоохон бүтээн байгуулалтууд болох кокс, ширэм, гангийн болон уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрүүд  манай аймагт баригдаж байна. Бүтээн байгуулалтын ажилтай холбоотой сүүлийн гурван жилийн хугацаанд хүн амын төвлөрөлт эрс нэмэгдсэн. Мөн БНХАУ-тай 600 гаруй км зайд хиллэдэг. Хилийн хоёр том гарцтай. Монгол Улсын импортоор орж ирж байгаа ачаа эргэлтийн 80 гаруй хувь нь Зам-Үүд сумаар дамжин өнгөрдөг. Хамгийн урт авто болон төмөр замтай. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас жилээс жилд гамшиг ослын тоо, төрөл нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн 2018 онд аймгийн хэмжээнд 30 жил болоогүй үер Айраг суманд болж, багагүй хохирлыг учруулсан. Энэ мэт бүтээн байгуулалтууд өрнөж, гамшиг, ослын тоо, давтамж нэмэгдэхийн хэрээр тохиолдож болзошгүй эрсдэлээс сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэх, олон улсаас туршлага солилцох, шинэ санаа, шийдлийг олж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө тусгах чухал асуудал гарч ирсэн.  Тийм ч  учраас “Говийн чоно-2019” олон улсын дадлага сургуулийг зохион байгуулах хүсэлтийг ОБЕГ-ын удирдлагууд болон Монгол Улсын Шадар сайдад уламжилсан юм. Санал, хүсэлтийн дагуу энэ удаагийн сургуулийг манай аймагт энэ сарын 09-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

-Дадлага сургууль маш өргөн хүрээнд зохион байгуулагдана. Бэлтгэл ажилд ч чамгүй хугацаа, хөрөнгө төсөв зарцуулсан байна?

Сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан аймгийн мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн, нэгж, байгууллагуудын ажилтан, алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, сургуульд хамрагдах үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон талт сургалтуудыг зохион байгууллаа. Сургуулийн хүрээнд Сайншанд сумын иргэдийг нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулна. Энэ мэт олон улсын сургалтын маань цар хүрээ өргөн учраас ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, аймгийн Засаг даргын тамгын газар болоод бүх төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагууд бэлтгэл ажлыг хангахад хамтарч ажилласан байгаа.

-Олон улсын дадлага сургуулийн үр дүнг та хэрхэн харж байна вэ?

Дадлага сургуулийг зохион байгуулснаар хоёр томоохон ач холбогдлыг бий болгож байгаа. Нэгдүгээрт аймгийн мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг нэмэгдүүлж, гамшиг, осол гарсан үед богино хугацаанд хор уршгийг арилгах аргазүйд суралцаж байна. Мөн гамшгаас хамгаалах албад өөр, өөрийнхөө үүргийг ойлгож, нэгдсэн зохион байгуулалтаар хамтарч ажиллах, асуудлыг хамтын хүчээр даван туулах чадвар эзэмшинэ гэж харж байгаа. Хоёрдугаарт сургуульд оролцож байгаа гадаадын улс орнуудад аймаг, орон нутгийнхаа онцлогийг танилцуулах том боломж нээгдэж байна. Учир нь улс орноо сурталчлах, бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцуулах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.  Хамгийн гол асуудал нь үүсэж болзошгүй гамшиг ослын эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог аймаг, орон нутгийнхаа онцлогт тохируулан нэвтрүүлэх юм. Тэр үүргээрээ аймгийн Онцгой байдлын газрынхаа бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд энэ сургалт чухал ач холбогдолтой гэж харж байгаа. 

Ингэхэд аймгийн удирдлагын хувьд Онцгой байдлын газрынхаа бэлэн байдлыг хангахад хэр анхаарч ажилладаг вэ?

Засаг даргын анхааралын төвд  байх ёстой чухал салбар. Онцгой алба учраас онцгой анхаарах ёстой гэж боддог. Эрсдэлгүй, аюулгүй байх орчин нөхцлийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах гээд ажил, үүргийн хувьд чухал байгууллага. Тийм учраас  аймгийнхаа төсөвт Онцгой байдлын газрын үйл ажиллагаа болоод тоног төхөөрөмжөөр хангах ажлуудын зардлыг тусган, ажил хэрэг болгон ажиллаж байна. Бүх асуудлыг Онцгой байдлын ерөнхий газраас шийдэж өгөх ёстой гэж хандахыг хүсдэггүй. Миний ажил, үүргийн хуваарилалтад ч байгаль орчноо хамгаалах, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх гээд бүхий л ажлыг зохион байгуулахаар тусгагдсан байдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд аймгийн Онцгой байдлын газар, Замын-Үүд сумын Онцгой байдлын хэлтэст 500 орчим сая төгрөгийн техник, тоног төхөөрөмжийг авч өгсөн. Ирэх 2020 онд Онцгой байдлын газраа шинэ байртай болгохоор төсөвтөө тусгаад байна.

Ярилцсан танд баярлалаа. Сургуулийн үйл ажиллагаанд амжилт хүсье?

Баярлалаа. “Говийн чоно-2019” олон улсын дадлага сургууль амжилттай зохион байгуулагдаж, зорьсон үр дүндээ хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ сургуулийг манай аймагт зохион байгуулах боломжийг бүрдүүлж өгсөн Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин болон ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болоод бүх удирдлагуудад нь баярлалаа гэж хэлмээр байна. Мөн сургуулийг амжилттай зохион байгуулах аргазүйгээр хангаж, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байгаа ОБЕГ-ын ажлын хэсгийн хамт олондоо талархал илэрхийлье.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

scroll to top