Мөрдэстэй бүсгүйчүүд чуулж байна

71762425_400817713951514_8872053186739830784_n-1.jpg

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор өнөөдөр /2019.09.20/ хууль сахиулах, цэргийн байгууллагуудын эмэгтэй алба хаагчдын анхдугаар чуулга уулзалтыг  Монгол Улсын Ерөнхий сайдын Ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб Жендерийн үндэсний холбоо хамтран зохион байгуулж байна. Уулзалтаар эмэгтэй цэргийн алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг сонсож төрийн бодлого шийдвэрт тусгах зорилготой бөгөөд  хууль сахиулах байгууллын 1000 гаруй мөрдэстэй бүсгүй оролцож байна.

ЭМЭГТЭЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ СОНСОНО

Монгол Улс 2002 оноос эхлэн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцсоор ирсэн. Тухайлбал, 2006 оноос  Монгол Улсын 645 эмэгтэй офицер, ахлах ахлагч НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эргийн ажиглагч, штабын офицер болон цэргийн багт үүрэг гүйцэтгэжээ. Хамгийн анхны эмэгтэй энхийг сахиулагч бол ЗХЖШ-ын Энхийг дэмжих хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа Н.Нямжаргал юм. Тэрбээр 2006 онд ахмад цолтой байхдаа НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эмэгтэй цэргийн алба хаагчдын зам мөрийг заасан мөрдэстэй бүсгүй юм.  “Миний хувьд  24 жилдээ алба хааж байна. 1995 онд Батлан хамгаалах их сургуулийн цэргийн радио холбооны инженерээр элсэж орсон.

Энхийг сахиулах ажиллагаанд Монгол эмэгтэй алба хаагчид амжилттай оролцдог. Монгол Улсын зэвсэгт хүчин 2002 онд НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагаанд хоёр алба хаагч илгээж байсан түүхтэй. 2006 онд хамгийн анхны эмэгтэй энхийг сахиулах алба хаагч болох түүхэн боломж надад тохиосон. Түүхэн бөгөөд хариуцлагатай нэр хүндтэй албанд хариуцлагатайгаар нэг жил үүрэг гүйцэтгээд ирсэн. Ерөнхий сайдын ивээл дор хууль сахиулах байгууллагын эмэгтэй алба хаагчдын анхдугаар чуулган болж байна. Энэхүү арга хэмжээнд нийтдээ есөн байгууллагын 1300 гаруй эмэгтэй алба хаагч оролцож байна. Урьд өмнө бид ингэж нэг дор цуглаж байгаагүй. Анх удаагаа цуглах боломжийг олгож байгаад бүх мөрдэстэй эмэгтэйчүүдийн нэрийн өмнөөс МУ-ын Ерөнхий сайд талархаж буйгаа илэрхийлье. Бид нар анх удаагаа уулзаж байгаа гээд хамтарч суух биш энэ удаагийн уулзалтаар хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчин ямар байна гэсэн асуудлаар судалгаа хийгээд үндсэн илтгэл явагдаж байна. Эндээс бид ажлын хэсэг байгуулах төлөвлөгөөтэй. Цаашдаа анхдугаар чуулганаас гарсан саналыг ажил хэрэг болгох зорилготойгоор оролцож байна. Цагдаагийн алба хаагч эмэгтэй хүн хүүхэд төрүүлсэн хугацаандаа цолны мөнгө авдаггүй гэдэг юм уу ялгаатай байдлыг бид анзаарсан. Эмэгтэй хүн, эх хүн, эхнэр хүн гэдэг хүнийхэн хувьд адилхан хандах үүднээс хуульд байгаа ялгаатай зөрүүтэй зүйлийг олж харахыг хичээж байна” гэлээ.

Дашрамд сонирхуулахад, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад алба хөөж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчдын эзлэх хувийг авч үзвэл Зэвсэгт хүчинд 17 хувь, хилийн цэрэгт, 9.8 хувь онцгой байдлын албанд 19 хувь, цагдаагийн байгууллагад 14 хувь, шүүхийн шийдвэр биелүүлэх албанд 28.6 хувьтай байгаа нь тэдний хууль эрх зүйн орчин нийгмийн хамгааллын асуудлыг тусгайлан авч үзэх шаардлагатай болохыг харуулж байна.

Мөн энэхүү арга хэмжээний үеэр төрийн байгууллагуудын гэрэл зургийн үзэсгэлэн болон, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж байгаа юм.

scroll to top