“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хаалтын ажиллагаа боллоо

J1A9451.jpg

Дорноговь аймагт  зохион байгуулагдсан “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийн хаалтын ажиллагаа өнөөдөр боллоо.

Хаалтын ажиллагаанд ОБЕГ-ын  тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, АНУ-ын Аляскийн зэвсэгт хүчний үндэсний гвардын командлагч, бригадын генерал Жосел Ж. Стреф, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар оролцож, үг хэлсэн юм.

Монгол Улсад 8 дахь удаагаа зохион байгуулагдсан “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуульд АНУ, Австрали, Канад, Франц, Нипаль, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам зэрэг 21 улс орон, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  ЭМЯ, БХБЯ, ХХААХҮЯ, ЗХЖШ, МЭЕГ, ЦЕГ, МХЕГ, Улаанбаатар төмөр зам, Автотээврийн үндэсний төв болоод Өмнөд Бүсийн төв Өмнөговь, Дорноговь, Зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газрууд, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дотоодын хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын нийт 500 гаруй төлөөлөл оролцлоо.

Бригадын генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ, “Говийн чоно-2019” олон улсын дадлага сургууль нь өмнөх сургалтуудаас ихээхэн онцлогтой, сургалтын хөтөлбөр төлөвлөгөө нь онол, практикийг хослуулсан ач холбогдолтой дадлага боллоо гэж дүгнэж байна. Мөн бүсийн хэмжээнд хамарсан хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн харилцан үйл ажиллагааг сайжруулах, орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөлт, бэлэн байдал, чадавхыг үнэлэх, салбар хоорондын харилцан ажиллагааг тодотгох, гамшгийн хор уршгийг арилгахад гадаад улс орон, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн тусламж хүсэх, тусламжийг шуурхай хүлээн авах, гамшгийн голомтод үндэсний гамшигтай тэмцэх байгууллага, аврах багуудтай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулахад чухал ач холбогдол өгнө гэдэгт итгэлтэй байна. ” хэмээн онцолсон юм.

Мөн тэрээр, “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн Дорноговь аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Т.Энхтүвшин болон сургалт, дадлага сургуулийн бэлтгэлийг хангах, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр ханган ажилласан ОБЕГ, АНУ-ын цэргийн багийн ажлын хэсэгт талархал илэрхийлье. Түүнчлэн дадлага сургуулийг хамтран зохион байгуулсан  АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлал болон оролцогчдод чин сэтгэлээсээ дахин талархлаа илэрхийлье“ гэлээ.

Сургалтын хаалтын ажиллагааны үеэр олон улсын сургалт, дадлагыг зохион байгуулах бүх талын боломжийг бүрдүүлж, хөрөнгө санхүүжилтыг шийдвэрлэн, сургуулийн бэлтгэл ажлыг хангах болон явцын үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулсан Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням, АНУ-ын Аляскийн үндэсний гвардын сургагч багш нарт ОБЕГ-ын даргын  нэрэмжит “Талархал”-ыг гардуулсан юм.

Мөн “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн оролцогчдод “Гэрчилгээ” гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top