1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Газрын хэвлийд эрэн хайх: Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны “Өндөр толгой” овооны урд энгэрт хувиараа алт олборлож байсан хүн шороонд дарагдсан байна гэсэн дуудлагыг 2015.09.28-ны өдрийн 20:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 80 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн Ш /37 настай, эрэгтэй/ шороонд дарагдан осолдсон цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад;
Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Ногоон толгой” гэдэг газар иргэн Ц-ийн бичил уурхайд нэг иргэн унаж осолдсон тухай дуудлагыг 2015.09.28-ны өдрийн 16:10 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн А /26 настай, эрэгтэй/ 47 метрийн босоо аманд унаж осолдсон цогцсыг гарган цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Хүний гоц халдварт болон халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газар Б /44 настай, эрэгтэй/ 2015.09.20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах замдаа тарваганы түүхий элэг залгисан. Дээрх иргэн 2015.09.24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч байгаад 2015.09.25-ны өдрийн 15:50 цагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан тухай мэдээллийг 2015.09.26-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Дээж авч аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрсэн. ЗӨСҮТ-ийн 2015.09.27-ны өдрийн давтан шинжилгээний хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь батлагдсан.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 суманд галзуу өвчний 1, нийт 3 аймгийн 4 сумын нутагт 4 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У, Х нарын нийт 95 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ны өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маеди-Висна” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Зүрхний могой” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.09.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.13-ны өдрийн 251 дүгээр шинжилгээний хариугаар “Үхрийн галзуу” өвчин болох;
Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн Гуна гэдэг газар /Сумаас төвөөс зүүн зүгт 23 км-т/ иргэн С-ийн 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ны өдрийн 205 дугаар шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Хүчтэй цасан болон шороон шуурга:
Завхан аймгийн Идэр сумын Загастайн даваанд цас их орсны улмаас халтиргаа гулгаа үүсэж, давааны арын замд ачаатай шланз загварын автомашин зам хөндөлсөж зогссоноос 30 автомашин түгжирсэн байна гэсэн дуудлагыг 2015.09.28-ны өдрийн 23:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж, замын зорчих хэсгийг чөлөөлж, хэвийн үйл ажиллагаанд оруулсан байна.
4. Ой, хээрийн түймэр:
Дорнод аймгийн Баян-Уул сумын 6 дугаар багийн нутаг “Өвөр эрээн” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.28-ны өдрийн 18:36 цагт хүлээн авч Хэнтий аймгийн Дадал сумын ХЦ-ийн 0287 дугаар ангийн 31 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 5 иргэн, 1 автомашин, нийт 36 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.09.28-ны өдрийн 20:11 цагт түймрийг бүрэн унтраасан.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булан багийн /сумаас зүүн хойшоо 70 км/ “Цагаан дэрс” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.09.28-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус сумын 16 иргэн, 2 автомашинтайгаар ажиллаж 2015.09.29-ний өдрийн 03:20 цагт цурманд оруулсан.
5. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 18 дугаар байрны дэргэд үйл ажиллагаа явуулдаг иргэн А-ын хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.28-ны өдрийн 08:26 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 7 дугаар хэсгийн 1211 тоотод иргэн М-ын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.28-ны өдрийн 22:26 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 65 дугаар ангийн 6 албан хаагч,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цогт-Уулын 3 дугаар багийн 25-11 тоотод иргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.28-ны өдрийн 13:12 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 албан хаагч,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 8 дугаар байрны 4-57 тоотод эзэнгүй айлын тагт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.09.28-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
6. Тээврийн хэрэгслийн осол:
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Гашуун” гэдэг газар автозамын зорчих хэсэг дээр “Портер” загварын автомашин онхолдож, төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.09.28-ны өдрийн 22:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн А, Х нар ухаангүй байсныг гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР