Хүн бүр өөрийн үндэс угсаа, төрөл садан, түүх соёлоо таньж, үр хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэг хүлээж мэндэлсэн гэж ойлгодог. Ингэж байж л үеийн үед үр удам тасрахгүй, хүмүний заяа үргэлжилдэг жамтай. Гэтэл орчин үед үр удам, үндэс гарал, өвөг дээдсээ мэддэг хүн цөөрч, ургийн бичиг хөтөлдөг хүн ховордсон. Тэгвэл өөрийн ургийн бичгээ үхрийн ширэн дээр зураглаж, ургийн бичиг хөтлөх аргыг бусдад зааж сургах мөрөөдөл тээсэн дэд хурандаа Г.Очбаярын зорилго анхааралыг минь татсан юм. Тиймээс түүнтэй ургийн бичиг хөтлөх арга ухаан болоод ач холбогдлын талаар цөөн хором ярилцснаа хүргэж байна. Тэрээр Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажилладаг юм.
– Таны төрөл садан, үр удамдаа үлдээж байгаа энэ их ажил анхаарлыг минь татаж байна. Орчин цагт ховордсон уламжлал шүү?
– Өвөг дээдэс, өнөр бүлээ мэддэг байвал үргэлжлэх үр удамдаа үлдээж байгаа хамгийн том уламжлал гэж ойлгодог. Удам угсаагаа мэдэхгүйгээс үүсэх олон асуудал бий болоод байгааг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Ургийн бичиг хөтөлнө гэдэг бол хүн болж төрснийг минь гэрчлэх түүх юм. Нөгөөтэйгүүр хүн бүрийн ургуулж байх ёстой “мод”. Учир нь үндэс сууриа мэдэхгүйгээр өндөрт ургана гэж байхгүй шүү дээ.
–Ургийн бичиг хөтлөх ур ухаан нь юу вэ?
Ургийн бичгийн зураглал гэж байдаг. Дөрвөлжин дүрсээр эцгийн талыг, бөөрөнхий дүрсээр эхийн талыг тэмдэглэнэ. Энэ хоёр дүрс хоорондоо холбогдсон байвал гэрлэсэн буюу гэр бүлийн хүмүүс гэсэн үг. Энэ мэт 30 гаруй төрлийн зураглалаар тэмдэглэл хийдэг байгаа. Бас нэг чухал зүйл нь нэршил. Алтан ураг гэвэл эцгийн, мөнгөн ураг бол эхийн, гал ураг нь алтан ургийнхаа үргэлжлэл, сүүн ураг нь мөнгөн ургийнхаа залгамж халааг хэлээд байгаа юм. Ургийн бичигт тухайн ураг удмынханы талаар нарийн мэдээлэл их агуулагддаг. Нэг үгээр бол удмын нууц товчоо гэж хэлж болно.
-Ургийн бичгийг олон жил хөтөлж байна уу?
Миний хувьд 2009 оноос хойш ургийн бичиг хөтөлж байгаа. Энэ хугацаандаа өөрөөсөө дээш эцгийн талдаа 9, эхийн талдаа 5, өөрөөсөө доош 3 үеийнхээ ургийн хэлхээг зурагласан. Учрыг нь олоод, өвөг дээдсийнхээ мэдээллийг сайн цуглуулаад мэдчихвэл ургийн бичиг хөтлөхөд хүндрэл гарахгүй. Хүн бүр үр хүүхдэдээ удам судраа тайлбарлачихдаг, хэлээд ойлгуулчихдаг чадвартай байх ёстой гэж ойлгодог. Энэ нь ч үүднээс Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбаруудынхаа алба хаагчдадаа ургийн бичиг хөтлөх сургалтыг энэ есдүгээр сараас зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
– Ургийн бичиг хөтлөхийг манайхан тэр бүр мэддэггүй. Ач холбогдлыг нь илүү тайлбарлаач?
-Тийм шүү. Хүн эцгээсээ дээш гурван үеэ мэдэж явбал тэнгэртэй явдаг. Харин эхээсээ дээш гурван үеэ мэдэж явбал заяатай явдаг гэдэг. Тийм болохоор үр удмаа мэдэх хамгийн энгийн арга бол ургийн бичиг хөтлөх гэж хэлмээр байна. Ургийн бичиг нь цус ойртох, удам хэврэгшихээс сэргийлнэ. Мөн өвөг дээдсийнхээ уг гарвал, угсаа язгуур, намтар түүх, үлгэр дуурайлалыг үр хойчдоо таниулан сургах, үндэс угсаа, эх орноо хайрлах, түүх соёлоо дээдлэх, элгэн саднаа асрах ухаанаар хүмүүжүүлэх ач холбогдолтой.
– Ингэхэд таны хувьд Онцгой албанд хэдэн жил үүрэг гүйцэтгэж байгаа вэ?
Би төрийн цэргийн байгууллагад 26 жил ажиллаж байна. Үүнээс 8 дахь жилдээ Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байгаа. Аливаа гамшиг осол, аюулт үзэгдлийн өөдөөс сөрж зогсдог аврагчидтайгаа хамт ажиллаж, амьдралынхаа түүхийг бичилцэж байгаадаа баярладаг шүү.
-Ярилцсан танд баярлалаа. Зорьсон их ажилд нь амжилт хүсье?
Та бүхэнд ч бас баярлалаа. Ажлыг минь, хийж бүтээх гэж байгаа зорилгыг нь дэмжиж, тусалдаг Дорноговь аймгийн Онцгой байдлын газрынхаа удирдлага, хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. Өргөсөн тангарагтаа эзэн болж, энэ цагийн баатрууд хэмээн ард түмэндээ хүндлэгдсэн нийт алба хаагчдадаа хамгийн сайн сайхан бүхийг хүсэн ерөөе.
Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин