Өмнөд бүсийн баг тамирчид спортын хошой аварга боллоо

J1A2584.jpg

Онцгой байдлын байгууллагын 2019 оны спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-13-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спортын хороонд зохион байгуулагдлаа.

Тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 300 гаруй алба хаагч оролцож, бие бялдрын ерөнхий хөгжлийн дасгал, олс таталт, туухай өргөлт, гар болон хөл бөмбөг, бокс гэсэн спортын зургаан төрлөөр өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.

Бие бялдрын ерөнхий хөгжлийн 224 тоот дасгалын төрөлд нэгдүгээр байрт Өмнөд бүсийн баг тамирчид, дэд байрт Улаанбаатар бүсийн баг тамирчид, гутгаар байрт Хойд бүсийн баг тамирчид шалгарсан бол олс таталтын төрөлд алтан медалийг Зүүн бүсийн баг тамирчид, мөнгөн медалийг Өмнөд бүсийн баг тамирчид, хүрэл медалийг Хойд бүсийн баг тамирчид тус тус хүртлээ.

Туухай өргөлтийн эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг Хойд бүсийн тамирчин Э.Түмэн-Өлзий, мөнгөн медалийг Улаанбаатар бүсийн тамирчин Д.Даваажав, хүрэл медалийг Зүүн бүсийн тамирчин Б.Батзангиа нар хүртсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд алтан медалийг Улаанбаатар бүсийн тамирчин Ч.Мягмарсүрэн, мөнгөн медалийг Хойд бүсийн тамирчин Т.Оюунбилэг, хүрэл медалийг Өмнөд бүсийн тамирчин Э.Цогтгэрэл нар хүртлээ.

Мөн гар бөмбөгийн төрөлд эрэгтэйчүүдээс нэгдүгээр байрт Өмнөд бүсийн баг тамирчид, дэд байрт Улаанбаатар бүсийн баг тамирчид, гутгаар байрт Зүүн бүсийн баг тамирчид шалгарсан бол эмэгтэйчүүдээс нэгдүгээр байрыг Хойд бүсийн баг тамирчид, дэд байрыг Баруун бүсийн баг тамирчид, гутгаар байрыг Улаанбаатар бүсийн баг тамирчид эзэллээ.

Гар бөмбөгийн төрөлд шилдэг эрэгтэй тамирчнаар Өмнөд бүсийн тамирчин Ж.Өнөмөнх шалгарсан бол шилдэг эмэгтэй тамирчнаар Баруун бүсийн тамирчин Ц.Ариун шалгарсан юм.

Харин боксын төрлийн 63 кг-ийн жинд алтан медалийг Улаанбаатар бүсийн тамирчин Д.Ганбаяр, мөнгөн медалийг Хойд бүсийн тамирчин Б.Ганжолоо, хүрэл медалийг Үндэсний аврах бригадын тамирчин Э.Түмэнбаяр, Хойд бүсийн тамирчин О.Ундрахбаяр хүртсэн бол 69 кг-ийн жинд алтан медалийг Улаанбаатар бүсийн тамирчин Б.Батзориг, мөнгөн медалийг Улаанбаатар бүсийн О.Баярцэнгэл, хүрэл медалийг Зүүн бүсийн тамирчин Б.Мөнхзаяа, Хойд бүсийн тамирчин Г.Лхагвасүрэн нар тус тус хүртлээ.

Харин 75 кг-ийн жинд алтан медалийг Хойд бүсийн тамирчин Ж.Ганболд, мөнгөн медалийг Зүүн бүсийн тамирчин Ү.Тэргэл, хүрэл медалийг Өмнөд бүсийн тамирчин Н.Бат-Эрдэнэ, Улаанбаатар бүсийн тамирчин Г.Ганбаяр нар хүртсэн бол 81 кг-ийн жинд алтан медалийг Хойд бүсийн тамирчин Б.Цогтгэрэл, мөнгөн медалийг Өмнөд бүсийн тамирчин Г.Баттөр, хүрэл медалийг Өмнөд бүсийн тамирчин А.Анар-Эрдэнэ, Улаанбаатар бүсийн тамирчин Х.Хашболд нар хүртэж, шилдэг тамирчнаар Улаанбаатар бүсийн тамирчин Б.Батзориг шалгарлаа.

Хөл бөмбөгийн төрөлд нэгдүгээр байрыг Өмнөд бүсийн баг тамирчид, дэд байрыг Зүүн бүсийн баг тамирчид, гутгаар байрыг Улаанбаатар бүсийн баг тамирчид эзэлсэн бол шилдэг тамирчнаар Өмнөд бүсийн тамирчин Ж.Эрдэнэцогт шалгарсан юм.

Ингээд байгууллагын нэгдсэн дүнгээр гутгаар байрыг Улаанбаатар бүс, хоёрдугаар байрыг Хойд бүс эзэлсэн бол нэгдүгээр байрыг Өмнөд бүсийн баг тамирчид эзлэн, Онцгой байдлын албаны алба хаагчдын спортын хошой аварга боллоо.

Өмнөд бүсийн баг тамирчид нь 2017 оны спортын аваргаар шалгарч байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top