1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Цэцээ гүний орчим 2 иргэн самар түүж байх үед нэг нь модноос унаж нас барсан, хамт байсан иргэн нь Төв аймгийн Цагдаагийн хэлтэст өөрийн биеэр 16:50 цагт очиж дуудлага өгсөн бөгөөд харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн тус иргэнтэй хамт хэргийн газарлуу явсан боловч харанхуй болсон, төөрсөн, цогцсыг олох боломжгүй байгаа тул цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өгнө үү гэсэн дуудлагыг 2015.10.03-ны өдрийн 21:30 цагт хүлээн авч Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах, 35 дугаар ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай бүлгийг 2015.10.04-ний өглөө 04:25 цагт гаргасан. Эрлийн ажиллагааг дүүргийн Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүний хамт зохион байгуулж байна.
Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д-гийн 2 дугаар гудамжны 43 тоот хашаанд байрлах бохирын нүхний бохирыг соруулахад цогцос гарч ирсэн тул гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 01:11 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн Л /60 настай,эрэгтэй/ бохирын нүхэнд унаж нас барсан байсныг гаргаж цогцсыг дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн
2. Аюулт үзэгдлийн талаар:
Газар хөдөлсөн тухай мэдээлэл: Нийслэлийн Налайх хотын 6 дугаар хороо /Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 70 км-ийн зайд/ Гүнжийн сүм гэдэг газарт/У-107014’ Ө-48005’/ 2015.10.03-ны өдрийн 17:30:00 цагт 3.5 магнитуд, 17:30:58 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт 2 удаагийн давтамжтайгаар болсон тухай ООГФСХ-ээс мэдээлсэн. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй байна. Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Налайх дүүргүүдийн нурах магадлалтай 25 барилга байгууламжид үзлэг шалгалтыг зохион байгуулахад ямар нэгэн эвдрэл гэмтэл, ан цав, цууралт илрээгүй байна.
Хүний гоц халдварт болон халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газар Б /44 настай, эрэгтэй/ 2015.09.20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах замдаа тарваганы түүхий элэг залгисан. Дээрх иргэн 2015.09.24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч байгаад 2015.09.25-ны өдрийн 15:50 цагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан тухай мэдээллийг 2015.09.26-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Дээж авч аймгийн Зооноз өвчин судлалын төвийн лабораторд шинжлүүлэхэд тарваган тахал өвчний нян илэрсэн. ЗӨСҮТ-ийн 2015.09.27-ны өдрийн давтан шинжилгээний хариугаар “Тарваган тахал” өвчин болох нь батлагдсан ба тус сумын Засаг даргын 2015.09.25-ны өдрийн А/82, аймгийн Засаг даргын А/346 дугаар захирамжаар тус тус хорио цээрийн дэглэм тогтоосон. Мөрөн суманд 1 дүгээр хавьталттай 21 хүн, Цэцэрлэг суманд 2 дугаар хавьталттай 5 хүн байгаа, биеийн байдал нь хэвийн байна. Аймгийн Онцгой байдлын газрын даргын 2015.09.30-ны өдрийн А/68 дугаар тушаалаар оршуулах ажлын хэсэг 11 хүний бүрэлдэхүүнтэй томилогдож, 2015.10.02-ны өдөр аймгийн төвөөс баруун хойд зүгт 35 км-т “Шарга морьтын хөндий“ гэдэг газар оршуулсан.
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Хонь, ямааны Маеди-Висна” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Үүнд:
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У, Х нарын нийт 95 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.10-ны өдрийн 939 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.08.05-ны өдрийн хариугаар “Хонь, ямааны Маеди-Висна” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцогт сумын Гуна багийн “Гуна” гэдэг газар иргэн С-ийн 2 үхэр 2015.09.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон, дээж авч УМЭАЦТЛ-т хүргүүлэхэд 2015.09.24-ний өдрийн 205 дугаар шинжилгээний дүгнэлтээр “Боом“өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Доодхоод” гэдэг газар /Сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ иргэн С-ийн 1 адуу 2015.09.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн, устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-т хүргүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Боом“өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005-дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой хээрийн түймэр:
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Хөх-Өндөрийн овоо” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.03-ны өдрийн 11:27 цагт хүлээн авч Тус сумын 9 иргэн, 1 автомашин, Хилийн 0198 дугаар ангийн 15 албан хаагч, 2 автомашин, Бурхантын 8 дугаар заставаас 12 алба хаагч, 1 автомашин, Халхгол сумын “Ялалт” багаас 10 иргэн, 1 автомашин, Нийт 46 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.03-ны өдрийн 15:30 цагт бүрэн унтрааж Бурхантын заставын дарга, ахмад Д-д хүлээлгэн өгсөн.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Шинэ тосгоны 3 дугаар гудамжны 33 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.03-ны өдрийн 10:22 цагт хүлээн авч Гал унтраах аврах, 30 дугаар ангийн 7 алба хаагч,
Налайх хотын 3 дугаар хороо, их уурхайн хажууд байрлах иргэн Б-ийн уурхайн амнаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 2015.10.03-ны өдрийн 11:33 цагт хүлээн авч ОБЕГ-ын харъяа Уул уурхайн аврах ангийн 6 алба хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, Төмөр замын Дархан-2 өртөөнөөс хойд зүгт 1 км зайд автозам дээр машин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.03-ны өдрийн 14:15 цагт хүлээн авч Гал унтраах аврах, 22 дугаар ангийн 7 алба хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 57 дугаар гудамжны 790-23 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.03-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч Гал унтраах аврах, 63 дугаар ангийн 7 алба хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Архустай зуслангийн Шүүхийн задгайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.03-ны өдрийн 21:59 цагт хүлээн авч Гал унтраах аврах, 63 дугаар ангийн 7 алба хаагч,
Булган аймгийн Булган сумын Ачуут багийн “В” хэсэг 12-02 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 00:57 цагт хүлээн авч Гал унтраах аврах, 20 дугаар ангийн 7 алба хаагч тус тус ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сум Булаг багийн 29 дүгээр гудамжны 03 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.04-ний өдрийн 01:07 цагт хүлээн авч Гал унтраах аврах, 81 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /38 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР