Онцгой байдлын ерөнхий газар, “Чинагийн Галсан сан” ТББ-тай хамтран ногоон бүсийг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх замаар цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, “Чинагийн Галсан сан” ТББ-ын тэргүүн Г.Галтайхүү нар гарын үсэг зурсан юм.
Санамж бичгийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилго-2030”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ-2030”, “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хот, суурин газрын тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах, байгаль орчинд хор хөнөөл учрахаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих, Онцгой байдлын байгууллагыг чадавхжуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр бусад оронтой хамтран ажиллах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг хамтран зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.