“Албаны шилдэг нохой -2019” тэмцээний аваргаар шалгарсанд баяр хүргэлээ

GJ1A2087.jpg

Г.Нэргүй сангаас төрийн тусгай байгууллагуудын дунд зохион байгуулсан “Албаны шилдэг нохой-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнд Онцгой байдлын байгууллагын эрэлч ноход түрүүлж, аваргын цомыг хүртсэн юм.

 ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн албаны тасгийн дарга, ахмад Ш.Отгонжаргалаар ахлуулсан гурван алба хаагч, хоёр эрэлч нохойтойгоор оролцсон.

 “Албаны шилдэг нохой-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчин, ОБЕГ, ЦЕГ, ГЕГ,  Төрийн тусгай хамгаалалтын газар, Төмөр зам Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 12 нохойн хөтөч, 12 албаны нохойтой оролцож, аваргуудаа шалгаруулсан юм. Онцгой байдлын байгууллагын эрэлч ноход ийнхүү тэмцээнийг аваргалсан бол хоёрдугаар байрт Гаалийн ерөнхий газар, гуравдугаар байрт Цагдаагийн байгууллага шалгарсан.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр “Албаны шилдэг нохой-2019” улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэлч нохдыг сургаж бэлтгэн тэмцээнд амжилттай оролцож, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөсөн  алба хаагчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

Тэрээр, эрэн хайх, аврах үйл ажиллагаанд нохойг ашиглах, сургаж дадлагажуулах, нохойн сургагч, хөтлөгчийг бэлтгэх, эрэлч нохойн албаны орон тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлээд Онцгой байдлын байгууллага нохойн албатай болсноор албаны бэлтгэл, бэлэн байдал сайжирч, аврагчдын аюулгүй байдал болон тэдний ажлыг хөнгөвчлөх, эрэн хайх ажиллагааг шуурхай явуулах, эрлийн ажиллагаанд ашигладаг өндөр өртөг бүхий тоног төхөөрөмжийн зардлыг хэмнэх, эрэн хайх, аврах ажиллагаа явуулахад цаг хугацаа хожих зэрэг олон давуу тал, үр дүн гарч байгааг онцоллоо.

Онцгой байдлын байгууллага нь 2017 онд Эрэлч нохойн албатай болсноос хойш  нохой хөтлөгчдийг бэлтгэн сургаж, улмаар улсын хэмжээнд 25 нохойн хөтөч, эрэлч нохдыг сурган, эрэн хайх, аврах ажиллагаанд ашиглаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top