Алба хаагчдын гэр бүлийг ажлын байраар хангахад анхаарч ажиллаж байна

78585311_470491953561140_5084504429579730944_n.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Завхан аймагт ажиллаж, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил, Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзан Онцгой байдлын байгууллагаас баримталж буй бодлого, чиглэлийн талаар мэдээлэл өглөө.

Завхан аймаг 24 сум, 116 багийн 9.1 мянган малчин өрхөд 3.8 сая мал өвөлжиж, хаваржих бөгөөд малчид өвөлжилтийн бэлтгэлээ 93.9 хувьтай хангажээ.

Аймгийн Онцгой байдлын газар Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 39, 43, 57 дугаар анги, Эрэн хайх аврах бүлэг, Улсын нөөцийн салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. 2019 онд аюулт үзэгдэл, ослын нийт 79, гал түймрийн 25  удаагийн дуудлагаар ажиллаж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 300 гаруй сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Онцгой байдлын газрын алба хаагчдын хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийг байгуулж, дөрвөн багш, 30 гаруй хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. 2012-2019 онд нийт 17 алба хаагчийн гэр бүлийг ажлын байраар хангасан, тухайлбал, цэцэрлэгийн багшаар хоёр алба хаагчийн гэр бүл ажилладаг байна.

Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 2016 онд 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулж байсан. Мөн алба хаагчдын ажлын байрны орчин, нөхцлийг сайжруулах, таатай уур амьсгалыг бүрдүүлэх чиглэлээр алба хаагчдын дотоод нөөц, бололцоог дайчлан тохижилтыг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Онцгой байдлын газрыг Улсын иргэний хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан, тус аймгаас төрөн гарсан дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит болгосон.

Сонгино сум дахь шатахууны цэгийг түшиглэн Шатахуун түгээх станц, Аврах бүлгийн байр барих санхүүжилтыг шийдвэрлүүлсэн байна.

Аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийсэн байна. Судалгааны дүнд аймгийн гамшгийн эрсдэлийн түвшин 48,8 буюу “дунд” эрсдэлтэй гарчээ.

Уул уурхай болон авто зам угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал тйүмрийн улсын хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажилласан байна.

Сурагчдыг эрүүл, эрсдэлгүй, аюулгүй орчинд сургах, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал эзэмшүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль бүр дээр “Гамшгаас хамгаалах танхим”ыг байгуулахаар ажиллаж байгаа аж.

Ирэх жил тус аймагт зохион байгуулах Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангах, гал унтраах сайн дурын хэсгүүдийг чадахижуулах, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, алба хаагчдын ажлын байрны орчин, нөхцлийг сайжруулах, автомашины гаражаар ашиглаж байсан тавиулангийн байрыг спорт заал болгон тохижуулж засварлах, Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг томоохон ажлуудыг төлөвлөн ажиллаж байна юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top