ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНТУ-ын Дотоод хэргийн дэд сайд ноён Исмайл Чатаклитай уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
Ноён Исмайл Чатакли дэд сайдын ажил үүргийн хуваарьт Онцгой байдал, Онцгой байдлын шуурхай мэдээллийн төв, Иргэний харьяат, дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал, мэдээлэл, дүн шинжилгээний төв гэсэн байгууллагууд хамаардаг байна.
Уулзалтын үеэр хошууч генерал Т.Бадрал “Турк Улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт байдаг. Энэ тал дээр онцгой анхаарч, газар хөдлөлтийн аюулыг бууруулах чиглэлээр дэлхийн улс орнуудыг манлайлж байна. Тухайлбал Турк Улсын нийт газар нутгийн хэмжээнд газар хөдлөлтийн 700 гаруй станцыг суурилуулсан нь ард иргэдэд аюулыг амжиж анхааруулах боломжтой болсон байна. Манай улс хэдийгээр хүн амын хувьд цөөн боловч газар нутгийн хэмжээний хувьд том. Мөн газар хөдлөлтийн эрсдэл өндөртэй улс орон. Иймд газар хөдлөлтийн станцыг техникийн туслалцаагаар өгөх боломж байгаа эсэхийг судлан үзэхийг хүсье” хэмээн дэд сайдад хүсэлт тавьлаа.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 2018 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурал”-ын үеэр Монгол Улсын ОБЕГ, БНТУ-ын Гамшгийн удирдлагын газартай “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан.
Мөн уулзалтын үеэр энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд гамшгаас хамгаалах салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.
Дотоод хэргийн дэд сайд ноён Исмайл Чатакли манай талаас тавьсан хүсэлт, ярьж хэлэлцсэн асуудлыг ажил хэрэг болгоход бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.