ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Төв аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа. Энэ үеэр байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцан, алба хаагчидтай уулзалт хийсэн юм.
Төв аймгийн Онцгой байдлын газрын хамт олон өөрсдийн нөөц бололцоог ашиглан, бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлжээ. Тухайлбал, Онцгой байдлын газрын хашааны гадна болон дотор талыг сэргээн засварлаж, тугны суурь, гэрэлт цамхагийг шинээр хийсэн бол байгалийн чулууг ашиглан усан оргилуурыг хийсэн байна.
Мөн Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Төв аймгийн Мөнгөнморьт суманд Гал түймэр унтраах, аврах IV зэрэглэлийн 75 дугаар анги, Батсүмбэр суманд Гал түймэр унтраах, аврах анги, Лүн болон Баян сумдад Эрэн хайх, аврах бүлгийг байгуулан, аймгийн Засаг даргын хөрөнгөөр шуурхай албаны УАЗ фургон автомашиныг хүлээлгэн өгсөн.
Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор ажилчдын 30 айлын орон сууцны барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Тус орон сууцанд орох алба хаагчдад тус бүр нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ажиллах үеэрээ шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.