М.Хүрэлсүх : Аврагч, гал сөнөөгчийн ажил хонх дуугарч, хувцас өмсөхөөс эхэлдэг

RMN6468.jpg

Аврагч гэдэг ганцхан үгийн ард олон  чадвар нуугдаж байдаг юм

Онцгой байдлын байгууллага өнгөрсөн баасан гарагт оны шилдгүүдээ шалгаруулж, иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалахаар тангараг өргөсөн баатруудаа алдаршуулав. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч М.Хүрэлсүх юм. Энэ онд тэрбээр 180 гаруй галын дуудлагад явж, 12 хүний амь нас аварч, “Шилдэг аврагч-гал сөнөөгч”-өөр тодорлоо. Түүнийг оны шилдгээр шалгараад удаагүй байхад нь баярт мөчийг хуваалцлаа.

-Оны шилдгээр шалгарсан танд баяр хүргэе. Онцгой байдлын албанд ажиллаад  хэдэн жил болж байна вэ?

-Онцгой байдлын байгууллагад ажиллаад 14 жил болж байна. Хэдий 14 жил гэдэг богино хугацаа мэт боловч онцгой байдлын алба хаагчийн хувьд чамлахааргүй хугацаа болов уу. Бид цаг хугацаа үл харгалзан хэдийд ч бэлэн байх ёстой хүмүүс. Энэ үйл хэргийг минь үнэлж, оны шилдгээр өргөмжиллөө. Би өөрийн хүсэл сонирхлоороо энэ албанд орсон. Иймдээ ч ажилдаа дуртай, идэвх чармайлттай ажиллахыг хичээж явна.

-Хүний амь нас авран хамгаалдаг буянтай ажил хэдий ч эрсдэлтэй мэргэжил шүү дээ. Яагаад энэ эрсдэлтэй албыг сонгох болов?

-Би Сэлэнгэ аймгийн хүн. 2000-аад оны эхээр ХААИС-д жимс ногооны агрономич мэргэжлээр суралцахаар Улаанбаатар хотод ирсэн юм. Хотод оюутан болж ирээд удаагүй байхад амьдардаг газраас холгүй нэг байр шатаад, хүмүүс сандралдаж, утаа униар ойр хавийг бүрхчихсэн байсан. Удалгүй галын машин дуут дохиогоо хангинуулсаар миний хажуугаар өнгөрөв. Ингээд л би нөгөө машины араас дагаж гүйсээр гал гарч байсан байрны хажууд очлоо. Галын машин дүрэлзэн асаж байсан галыг хоромхон зуурт л унтраачихсан. Түүнээс хойш гал сөнөөгч гэдэг мэргэжил сайхан санагдаж, Онцгой байдлын албанд орохоор шийдсэн юм. Ингээд тус газар ажиллахаар шалгалт өгсөн. Тухайн үедээ биеийн тамирын, хуулийн, эрүүл мэнд зэрэг бүх шалгалтдаа тэнцэж байлаа. Харамсалтай нь, биеийн өндрөөрөө тэнцээгүй юм. Биеийн өндөр 170 см-ээс дээш байх ёстой байтал минийх 168 см байв. Гэхдээ би бууж өгөөгүй. Тэнцэхийн тулд өөрийгөө бэлдэж, шалгалт өгсөөр л байсан. 2006 онд Онцгой байдлын албанд орсон. Би багийн хөдөлгөөнтэй, аль болж бүтэхгүй зүйлийг хийдэг ааштай хүүхэд байлаа. Эргээд бодоход эрсдэлтэй зүйлд дуртай байсан нь нөлөөлж энэ мэргэжил сайхан санагдсан юм болов уу гэж боддог.

-Өөр мэргэжлээс урваж орсон байх нь. Онцгой байдлын албанд ажиллах гэж шалгалт өгч байх үед гэрийнхэн тань яаж хүлээж авсан бэ?

-Ээж болон эгч нар маань амь насаа дэнчин тавьдаг хэцүү мэргэжил гээд эсэргүүцэж байсан. Гэхдээ намайг тэнцэх гэж хичээж зүтгэж байгааг минь хараад урам өгч дэмжиж эхэлсэн. Одоо бүгд дэмждэг.

-Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гуравдугаар салаанаас ажлын гараагаа эхэлж байсан. Өнөөдрийг хүртэл эндээ аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж байна. 2006 онд Онцгой байдлын албанд ажиллахаар тушаал гарч байхад миний үеийн хоёр залуу хамт орж байсан юм. Бид гурав ажилд ороод удаагүй нэг ээлжид гарч байх үед анхны галын дуудлага ирсэн. Гэтэл дээрээс тушаал өгч хамт орсон нэг найз минь явахаар болов. Галын дуудлагад явсан найзыгаа хүлээж ядаж байлаа. Ямар байсныг нь сонсох гэж тэр шүү дээ. Удалгүй өмссөн хувцас нь битүү хөө тортог болчихсон ирэв. Үлдсэн бид хоёр найзыгаа тосч аваад юу болсон, ямар байна гээд асууж гарсан даа. Галд яваад ирсэн хүн тэнд болсон бүх явдлаа нүдэнд харагдтал ярилаа. “Биднийг гал унтраахаар очих үед гал хэдийнэ асаад эхэлчихсэн. Подвальд юм шатаад битүү утаан дунд ороод юу ч харагдахгүй. Амьсгаа боогдоод, би айсандаа эргэж гарч гүйгээд. Маш их сандарсан” гээд л ярьж билээ.

-Харин таны анхны дуудлага хаана байв?

-Миний анхны дуудлага Баянхошуунд айлын байшин шатсан дуудлага байсан. Аврагч, гал сөнөөгчийн ажил хонх дуугарч, хувцас өмсөхөөс  эхэлдэг. Манай тасагт галын дуудлага ирж, бүгд хувцсаа өмсөөд эхлэх үед би маш их сандарсан. Хэдий урьд нь бэлтгэл сургуулилалт хийж байсан ч жинхэнэ галын дуудлага тэс өөр байдаг юм билээ. Онцгой байдлын алба хаагчид өвлийн цагт нэг минутын дотор, зуны цагт 50 секундэд хувцсаа өмсөөд паркаасаа гарчихсан байх ёстой. Хуучин цэргүүд хэдийнэ хувцсаа өмсөөд, жагсаад зогсчихсон байхад би хамгийн сүүлд үлдэж байсан. Тухайн үедээ хурдаараа өмссөн ч хоцорчихдог байж билээ. Машиндаа суугаад дохиогоо дуугаргаад галын машинтай гараад явж байхад сандарч байсан ч цаанаасаа огшоод байсан /инээв/. Бид чанга яригчаараа замаа чөлөөлүүлээд явсан ч Баянхошуу хүртэл хол санагдаж байлаа. Тухайн үед цаг орой болж, бүрий орж байсан. Дүрэлзэж байгаа гал дээр очоод бэлтгэлийн үеэр заалгаж байсан бүх зүйлээ мартчихдаг юм билээ. Тэгэхэд хуучин цэргүүд ном дүрмээрээ ажиллаад, галыг даруй унтраасан. Үүнээс гал сөнөөгчийн ажил зөвхөн ганц хүнийх биш багийнх юм байна гэдгийг ойлгосон. Анхны дуудлагын үед гэрийн эзэн нь галд ороод, амь насаа алдсан байв. Юу ч мэдэхгүй залуу хүнд энэ их хүнд даалгавар байж билээ. Онцгой байдлын албанд ороход “Халамжлан хүмүүжүүлэгч” гэж үүрэг, даалгаврыг зааж зөвлөдөг багш байдаг. Тэр багшаасаа бүх заавар зөвлөгөөгөө авч ажилласан.

-Гал сөнөөгчийн ажил хувцас өмсөхөөс эхэлдэг гэлээ. Ер нь олон ур чадварыг эзэмших шаардлагатай харагддаг?

-Тэгэлгүй яах вэ. Аврагч гэдэг ганцхан үгийн ард олон  чадвар нуугдаж байдаг юм. Би л гэхэд одоо галын голомт дээрээ очоод дүгнэлт хийчихдэг, баг хамт олноо удирдах, ур чадвартай болсон байна. Гал унтраах гэж очсон бид гал дээр очоод өөрсдөө сандрах эрхгүй. Бүх зүйлд хүлээцтэй хандах ёстой. Аврагч хүн хамгийн түрүүнд өөрийгөө хамгаалж чаддаг байх нь чухал.  Өөрсдөө аюулгүй байж гэмээнэ хүний амь насыг хамгаална. Бид авраад, хамгаалаад, туслана гэсэн уриатай ажилладаг. Хүний амь нас гэдэг хамгийн эрхэм зүйл.

-Өөрийн хүсэл сонирхлоороо энэ мэргэжлийг сонгосон гэсэн. Дурлаж сонгосон мэргэжлээрээ ажиллах төсөөлж байснаас тань ямар байсан бэ?

-Төсөөлж байснаас тэс өөр байсан. Гал сөнөөгч гэдэг ажлыг би ус цацаад гал унтраадаг, амархан мэргэжил гэж хардаг байлаа. Гэтэл онцгой байдлын алба хаагч болж төлөвших, гал унтрааж суралцана гэдэг өндөр шалгуур шаардлага хүнд алба байсан. Шантарч, туйлдах үе ч бий. Энэ бүхнийг давж гарах тэсвэр тэвчээр байх хэрэгтэй. Энэ мэргэжил мэдлэг, ур чадвар, сэтгэл зүй, бие бялдар зэрэг олон чадварыг хүнээс шаарддаг. Би 14 жил энэ албанд зүтгэж байгаа ч өнөөдрийг хүртэл суралцсаар байна. Дахиад суралцах зүйл ч их бий.

-Та бүхэн байнгын бэлэн байдалд байдаг гэлцдэг. Өдөрт ойролцолцоогоор хэдэн дуудлагад явах уу?

-Янз бүр байна. Өдөрт 10 гаруй дуудлагад явах тохиолдол гардаг. Дуудлагагүй өнжих үе ч бий. Дуудлагагүй байна гэдэг ховорхон тохиолдол шүү дээ. Өвлийн нөхцөлд объектын гал түймрийн дуудлага нэмэгдэнэ. Хавар, намар, зуны улиралд ой, хээрийн түймэрт явах нь элбэг. Хүйтэнд гал түймрийн дуудлага  нэмэгддэг. Учир нь айлууд түлээ нүүрсээ түлээд, цахилгаанаа илүү хэрэглээд эхлэхээр галын эрсдэл ихэсдэг. Бид зөвхөн галын дуудлага гэлтгүй онцгой тохиолдол гарсан бүх газарт очно. Үер ус, ой, хээрийн түймэр, малын гоц халдварт өвчин гэх мэт олон дуудлага гарна шүү дээ. Энэ жил гэхэд нүүрсний угаарын дуудлага нэмэгдсэн. Тэр бүхэнд эмнэлэг, цагдаа, галынхан хүрч ажилладаг.

-Ажиллах урам зоригоо та юунаас авдаг вэ?

-Би атгасан гар шиг ажилладаг  хамт олноосоо урам авдаг. Гал унтраана гэдэг нэг хүний ажил биш гэдгийг би дээр хэлсэн. Сайн баг бүрэлдэж, бие биенээ ойлгож байж галыг хурдан шуурхай унтраана. Үүнээс гадна аврагч хүн өөртөө итгэдэг байх хэрэгтэй. Бид чинь “Эх орныхоо төлөө амь насаа үл хайрлана” гэж тангараг өргөсөн хүмүүс. Энэ тангаргаасаа няцах эрхгүй.

-Гал түймэрт өртсөн иргэд өөрийгөө авран хамгаалах талаар хэр мэдлэгтэй байдаг юм бол?

-Шалтгаан нөхцөл ямар байгаагаас харилцан адилгүй байдаг. Хамгийн сүүлд Баянгол дүүрэгт 12 давхар байр шатаж байна гэх дуудлагаар бид газар дээр нь очсон юм. Биднийг очиход тухайн барилгын гурван давхрын айл шатаж байсан. Галын шалтгааныг тодруулахад тухайн айл цахилгаан тогоогоо залгаж орхиод хүүхдүүдээ унтуулаад гарсан байж. Гэтэл цахилгаан тогооны утас халсаар шатаж, гал авалцсан байсан. Гал эхлээд дотроо гарч, утаа гарсаар эцсийн шатан дээрээ цонх хагарч, агаар авалцах юм бол улам дүрэлздэг. Тухайн үед дуудлагаар очиход гал эцсийн шатандаа хүрсэн. Цонх нь хагарч, гал дүрэлзэн асч байв.  Бид ажилдаа даруй орж, гурав сунадаг шат тавиад цонхоор нь орсон. Дотогш орох үед “Хүүхэд байгаа” гээд хүмүүс хашгиралдаж байлаа. Ингээд л бид гал унтраахтай зэрэгцэн хүүхдүүдийг хайж эхэлсэн. Азаар нөгөөх хоёр хүүхэд орон доогуураа шургаад орчихсон байсан. Гэр нь утаагаар дүүрчихсэн байх үед хүүхдүүд орон доогуур орсноор доод хэсгийн агаарыг ашиглаад амь насаа аварсан юм. Ер нь гал гарч эхлэх үед хүмүүс ихэвчлэн хаалгаа олох гэж сандарч гүйдэг. Ингээд утаанд угаартаж, эрүүл мэндээрээ хохирох, амь насаа эрсдүүлэх нөхцлийг үүсгэдэг.

-Энэ жил та “Шилдэг аврагч-гал сөнөөгч” гэх шагналын хүртлээ. Ямар шалгуураар тус шагналыг хүртэв?

– Онцгой байдлын алба хаагчид удирдах албан тушаалтнаасаа  эхлээд ахлагч бүрэлдэхүүн хүртэл тайлан төлөвлөгөөг гаргаж, төлөвлөгөөний биелэлтийг хангасан эсэхээ дүгнэдэг. Ингээд шагнал урамшууллаа тайлан төлөвлөгөөний биелэлтээр олгодог. 2019 оны тайлан төлөвлөгөөгөө гаргахад манай салаа 310 гаруй галын дуудлагад явсны 180 гаруйд нь би явсан. Үүнээс 12 хүнийг галын голомт буюу утаажилтын бүсээс авран хамгаалж, аж ахуйн нэгжийн 3.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг галын аюулаас хамгаалснаар оны шилдгээр тодорчээ. Анх удаа оны шилдэг ажилтан боллоо. Өмнө нь “Шударга журам” медалиар 2008 онд, “Онцгой байдлын албаны идэвхтэн ажилтны I, II” зэрэг, МЗХ-ны “Шилдэг залуу медаль”-аар 2008 онд шагнуулж байв. Гавьяа шагнал хүртэнэ гэдэг нэг талдаа хийж бүтээснээ үнэлүүлж байгаа ч нөгөө талдаа цаашдаа илүү ихийг хийж бүтээх үүрэг хариуцлагыг нэмж байгаа хэрэг.

-Таныг Онцгой байдлын албанд ажилласнаас хойш техник, хэрэгсэл хэр хөгжсөн бэ?

-Намайг энэ албанд орж байхад бид хөдөлмөр хамгааллын хувцас буюу галд өмсдөг хувцасны хүртээмж бага байв. Нэг хувцсыг хоёр хүн ээлжилж өмсдөг байлаа. Харин өнөөдөр техник, технологи хөгжиж, багаж, зэвсэг ч нэмэгдсэн шүү.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

scroll to top