Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн  дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар  хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн  “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн шинжилгээний хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн нутаг “Бухын гол” гэдэг газар малчин Ө-ийн 1 үхэр 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь;

Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Дойдын-Энгэр” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.10.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болон нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулга багийн “Хөх хошуу” гэдэг газар /эзэн тодорхойгүй/ 1 тэмээ 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

2. Ой хээрийн түймэр:

Дорнод аймгийн Матад сумын 6 дугаар багийн /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км/ “Лагын хоолой” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.25-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгаас 12 иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хилийн 0146 дугаар ангийн 5,6,7,8 дугаар заставаас 20 албан хаагч нийт 44 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.29-ний өдрийн 01:10 цагт бүрэн унтраасан.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Орбитын” 72 дугаар гудамжны 26 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.28-ны өдрийн иргэн 15:02 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, “Хандгайтын” 21 дүгээр гудамжны 74 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.28-ны өдрийн 17:04 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, “Хилчний” 68 дугаар гудамжны 42 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.28-ны өдрийн 19:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дүгээр ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Чингэлтэй  дүүргийн 17 дугаар  хороо, “Сурагчийн”  18 дугаар гудамжны 156/а тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.29-ны өдрийн 05:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын  4 дүгээр  багийн “Хэрлэнгийн”  02 дугаар гудамжны 12 тоотод өвс шатсаж байна гэсэн дуудлагыг 2015.10.28-ны өдрийн 10:52 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 алба хаагч,

Дархан-уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн “Хүнсчидийн” 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.28-ны өдрийн 14:13 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 9,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Мандал” хорооны 7 дугаар гудамжны 25 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.28-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Цахир” багийн 7  гудамжны 9 тоотод хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.29-ний өдрийн 05:58 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 4 алба хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top