Цагаан сарын баяраа зөвхөн гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалав

3624a7c6c7e991b2f84f110a3f2fb3a3.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2020.02.12/ дэлхийн улс орнууд болон хөрш БНХАУ-д шинэ коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигийг хэлэлцэж, цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэд зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд, аль болох цомхон тэмдэглэх нь нээлттэй.  Гагцхүү золголт хийхээр айл хэсэхгүй, олноороо нэг дор цугларахгүй байж болзошгүй эрсдэлээс өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, амь насыг хамгаалахыг уриалав.

Засгийн газар өмнө нь Цагаан сарын баяраар бөхийн барилдаан зохиох, төрийн, нутгийн зөвлөл, байгууллагуудын золголт зэргийг хориглосон шийдвэр гаргаад байсан юм.

Мөн өнөөдрийн хуралдаанаас  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 дугаар сарын 13-аас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлэв.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед гамшгийн зарлан мэдээлэх дохиог иргэдэд хүргэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшигтай холбоотой мэдээ, мэдээллийг нэн даруй дамжуулах, хүн хүч, техник, материал хэрэгслийг дайчлах, хорио цээрийн дэглэм тогтоох, гамшгийн нөөцийг нэмэх зэрэг арга хэмжээ авдаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Цагаан сарын баярт зориулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, телевиз, радиогоор зар сурталчилгаа явуулахыг хориглосон. Засгийн газар баярын  амралтын өдрүүдийг ажлын өдөр болгохтой  холбоотой ямар нэг шийдвэр гаргаагүй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

scroll to top