1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Сүхбаатар, Төв аймгийн нутгаар цас орж, шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр , Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, 12-14 градус хүйтэн байна.
Төлөв байдал: Ихэнх хугацаанд цас орохгүй. Салхи 15, 16-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 20-25 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 15-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 11 дүгээр байрны урд талд ашиглагдахгүй больсон зөөврийн худаг шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 20:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 20:35 цагт очиж, 5х3 метрийн хэмжээтэй хуучин худаг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онги багийн 5 дугаар гудамжинд иргэн Г-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ний өдрийн 20:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 0.5 км замыг туулан 20:41 цагт очиж, 4 ханатай гэр шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 2 дугаар гудамжинд иргэн Д-ын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 20:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 20:56 цагт очиж, 5 ханатай гэр шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн Хайлаастын гудамжинд иргэн О-ын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 23:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 21:23 цагт очиж 3х6 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
3.Мэдээлэл:
Обьектын түймрийн талаар: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн “Гүнд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 210 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ тус сумын харьяат малчин О-ын өвөлжөөний малын бууц шатаж байна гэсэн мэдээллийг 02.12-ны өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Орон нутгийн 15 иргэн, 5 автомашинтай ажиллаж бүрэн унтраасан гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Батсайхан аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
4.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Баянхонгор аймгийн Заг сумын Залаа-Овоо багийн ”Ихэр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 км, сумын төвөөс хойд зүгт 10 км/ иргэн А /48 настай, эрэгтэй/ 02.12-ны өдрийн 15:00 цагийн орчим малдаа явган яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.12-ны өдрийн 23:20 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын 7 ажилтан, 2 автомашинтайгаар мөн өдрийн 20:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 02.13-ны өдрийн 12:05 цагт Баян-Улаан багийн “Баянцагааны ташуу” гэдэг газраас /сумын төвөөс баруун зүгт 13 км-т/ эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гантуул аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Говь-Алтай аймгийн Цээл сумын Цээл сумаас Цогт сумын чиглэлд /аймгийн төвөөс зүүн зүгт 140 км-т/ иргэн Ш /43 настай, эрэгтэй/, Ц /30 настай, эрэгтэй/ нар Цээл сумаас Цогт сумын чиглэлд 02.12-ны өдрийн 18:00 цагийн орчим “Ниссан хино“ загварын ачааны автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02:13-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цээл сумын Засаг даргын орлогч Т.Гантулгаар ахлуулсан Засаг даргын Тамгын газрын нийт 5 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 17:00 цагт эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 22:15 цагт хөдөлсөн.
Говь-Алтай аймгийн Цээл сумаас Цогт сумын чиглэлд /аймгийн төвөөс зүүн зүгт 140 км-т/ иргэн А-ийн жолоодож явсан “Делика” загварын суудлын автомашинтай 5 хүн 02.12-ны өдрийн 20:00 цагийн орчим Цээл сумаас Цогт сумын чиглэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цээл сумын Засаг даргын орлогч Т.Гантулгаар ахлуулсан Засаг даргын Тамгын газрын нийт 5 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 17:00 цагт эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар 22:15 цагт хөдөлсөн.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын Тойг багийн “Самдуулын бууц” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 13 км-т/ тус сумын харьяат малчин Б /41 настай, эрэгтэй/ 02.11-ний өдрийн 08:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Ганмөнхөөр ахлуулсан Засаг даргын Тамгын газрын нийт 6 албан хаагч, 1 автомашинтайгаар 19:30 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 23:47 цагт түр зогсоосон. 02.14-ний өдрийн 07:30 цагт дахин эхлүүлнэ.
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Аман-Ус багийн “Дэргэх” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ тус сумын харьяат малчин Х /54 настай, эрэгтэй/ 02.13-ны өдрийн 09:00 цагийн орчим малаа хариулахаар мотоциклтой яваад сураггүй болсон тухай дуудлагыг 02.13-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг дарга Д.Азжаргалаар ахлуулсан Засаг даргын Тамгын газрын нийт 5 албан хаагч, 1 автомашинтай 20:01 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 02.14-ний өдрийн 00:18 цагт гэрээс нь 13 км-ийн зайд “Сүүж” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
5.Мэдээлэл:
Сураггүй болсон тухай: Өмнөговь аймгийн Булган сумын Дэн багийн “Цагаан дэл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 145 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ тус сумын харьяат малчин Н /53 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ 02.12-ны өдрийн 00:30 цагийн орчим Булган сумаас гэрлүүгээ мотоциклтой явж байгаад онхолдсон гэж ар гэрийнхэнтэйгээ утсаар яриад холбоо тасарсан бөгөөд одоо болтол сураггүй байгаа тухай мэдээллийг 02.13-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Орон нутгийн 16 хүн, 4 автомашин, ар гэрийн 5 хүн, 2 автомашин, нийт 21 хүн, 6 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 02.13-ны өдрийн 11:06 цагт сумын төвөөс хойд зүгт 14 км-т “Шовгийн хөтөл” гэдэг газраас цогцсыг олж, сум дундын эмнэлгийн эрхлэгч Х.Нармандахад шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга Т.Мөнх-Алдар аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Өндрөөс аврах: Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Рамадагийн 35 дугаар байрны 1 дүгээр орцны 15 дугаар давхрын цонхоор хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 02.13-ны өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 16:59 цагт очиход тус тоотод оршин суугч иргэн М /44 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ гэрийнхээ цонхоор унах гэж байсныг эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Угтахбаярт шилжүүлэн өгсөн.
Бусад: Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн “Ойгон” нуур /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ тус сумын нутгаар 2019.11.16-ны өдөр салхи 16-17 м/с хүрч цасан шуурга шуурсны улмаас 10 айл өрхийн 143 үхэр “Ойгон” нуурт живж хорогдсон бөгөөд үхрийн сэг зэмийг уснаас татан гаргах ажиллагааг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байсан. Холбогдох мэргэжлийн байгууллага болон тус сумын Засаг даргын 2020.01.31-ний өдрийн 3/51 дүгээр албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хорогдсон малын сэг зэмийг гаргах ажиллагааг эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, 3 автомашин, Цагдаагийн газрын 3 алба хаагч, 1 автомашин, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 4 ажилтан, 1 автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 8 ажилтан, 1 автомашин, ерөнхий боловсролын сургуулийн 12 ажилтан, 3 автомашин, хүн эмнэлгийн 8 ажилтан, 1 автомашин, цэцэрлэгийн 6 ажилтан, 1 автомашин, орон нутгийн 32 иргэн, 9 автомашин, нийт 89 хүн, 19 автомашинтайгаар ажиллаж, нийт 104 үхрийн сэг зэмийг гаргасан.
Говь-Алтай аймгийн Шарга сумын Харгант багийн “Ээвийн гарам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 85 км-т, сумын төвөөс баруун зүгт 45 км/ Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд иргэн Ж-ийн жолоодож явсан ”Хюьндай Эйч Ди 250” загварын ачааны /16 тн шатахуун тээвэрлэж явсан/ автомашин “Ээвийн гол”-ын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 09:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 3 алба хаагч, 1 автомашин, ИНЕГ-ын харьяа “Алтай нисэх буудал”-ийн 7 ажилтан, 1 автомашин, нийт 10 хүн, 2 автомашинтайгаар 85 км замыг туулан 12:30 цагт очиж, 3 цаг 35 минут ажиллаж автомашиныг татаж гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР