Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.  Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндий, Хөвсгөлийн уулсаар 11-16 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг,  говийн бүс нутаг болон цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн аймгуудын ихэнх, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд зарим газраар, 27-нд ихэнх нутгаар  13-15 м/с хүрч ширүүснэ. 26-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Анд зол” 16 айлын орон сууцны суурийн давхарт иргэн Г-аас утаа гарч  байна гэсэн дуудлагыг 02.23-ны өдрийн 00:16 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 00:22 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Г /40 настай, эрэгтэй/, Б /48 настай, эмэгтэй/ нарыг утаажилтын бүсээс гаргасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Мөс цөмөрсөн: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн “34 дүгээр точик” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 5 км-т/ Тус аймгийн Шаамар сумаас Сүхбаатар сумын чиглэлд тус аймгийн харьяат иргэн С “Портер” загварын ачааны автомашинтай “Орхон” голын мөсөөр зорчиж явахад голын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 02.22-ны өдрийн 16:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 17:02 цагт очиж, 1 цаг 15 минут ажиллаж, автомашиныг татан гаргасан. 

Цасанд суусан: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн “Цагаан богцын-Ам” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 245 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ Улаанбаатар хотоос Увс аймгийн Баруунтуруун сумын чиглэлд иргэн О-ын жолоодож явсан “Субару Форестер” загварын суудлын автомашин /5 зорчигчтой/ цасанд суусан тухай дуудлагыг 02.22-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн 4 алба хаагч, ар гэрийн 2 иргэн, 1 автомашин, нийт 6 хүн, 1 автомашинтай 82 км замыг туулан 02.23-ны өдрийн 07:45 цагт очиж, 1 цаг ажиллаж, автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top