Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Увс, Хэнтий аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшиж, Баян-өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн хойд ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд   6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус,  Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эгь-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүсийн нутгийн зүүн хэсгээр 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүсийн нутгийн баруун хэсгээр 7-12 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: ҮүлшинэЦас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 градус хүйтэн байна.

Төлөв байдал:  5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар, 6-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10  градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 7-ноос баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж Хайрханд иргэн Ө-ийн 5 ханатай гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 17:18 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн Зах булаг гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 75 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км/ Ховд аймгийн Манхан сумын Жаргалант сумаас Мөнххайрхан сумын төв рүү зорчиж явсан иргэн Э-ын УАЗ-469 загварын 6 зорчигчтой автомашин осолдсон тухай дуудлагыг 03.03-ны өдрийн 13:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашинтай 13:25 цагт замын хяналтын постны цэгээс хөдлөн, 1 км замыг туулан 13:27 цагт очиж 25 минут ажиллаж, 6 зорчигчийг авран сумын эрүүл мэндийн төвийн их эмчид шилжүүлэн өгсөн.

Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн Ганц модны доод билүү гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км, сумын төвөөс баруун зүгт 10 км/ Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн М-ын Приүс-20 загварын 4 зорчигчтой автомашин осолдсон тухай мэдээллийг 03.03-ны өдрийн 14:25 цагт   хүлээн авсан. Тус аймгийн Түдэвтэй сумын Цагдаагийн тасгийн 4 алба хаагч, 1 автомашинтай 14:35 цагт замын хяналтын постны цэгээс хөдлөн, 10 км замыг туулан 14:50 цагт очиж 25 минут ажиллаж 4 зорчигчийг аварч гарган Нөмрөг сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.

Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн “Цагаан хөтөл” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 8 км/ Баянхонгор аймгаас Улаанбаатар хот руу зорчиж явсан иргэн Д-ын “Тоёота приус-10” загварын 5 зорчигчтой автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон тухай дуудлагыг 03.03-ны өдрийн 13:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 16:21 цагт очиж, 1:29 цаг ажиллаж аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Өлзийт сумын эмнэлэгт шилжүүлэн өгсөн.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн “Урд булаг” гэдэг газар сумын төвөөс баруун зүгт 6 км-т /Ө-49002/00//, У-104039/00/// 2020.03.03-ны өдрийн 15:16 цагт 4.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай мэдээллийг 2020.03.03-ны өдрийн 15:27 цагт ООГХ-аас хүлээн авсан. Жаргалант сумын Засаг дарга Б.Зоригтбаатартай холбогдож тодруулахад иргэдэд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 3-р хэсэг “Мишээл” кафений ард дулааны шугамын худагт ухаангүй хүн байна гэсэн дуудлагыг 03.03-ны өдрийн 13:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 13:23 цагт очиж иргэн Э-г /55 настай, эрэгтэй/ гарган аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн.

Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн Гурван гол гэдэг газраас Зэрэг сумын төврүү явж байсан /аймгийн төвөөс зүүн зүгт 155 км, сумын төвөөс зүүн урьд зүгт 10 км/ иргэн А-ийн “Ниссан иснт” загварын автомашин Зэрэг голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 00:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Зэрэг сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 00:57 цагт очиж 20 минут ажиллаж автомашиныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top