Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж Монгол Улс-Япон Улс, Монгол Улс-БНСУ хоорондын болон Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэлээ.
Түүнчлэн коронавируст халдвар голомтлон гарч, тархалт огцом нэмэгдэж буй бүс нутагт сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй бөгөөд виз олголтыг хязгаарлах шийдвэрийг гаргалаа. Өнөөдрийн байдлаар европын 41 улсад халдвар тархаад байгаа юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хуралдааны үеэр ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Гэбрэсиум, нэг ч улс орон вирусийн халдвар гарахгүй гэж бодож болохгүй. Ингэж бодвол ноцтой алдаа болно. Үүний оронд хавьтал нэг бүрийг мөрдөж, нарийн тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах хэрэгтэй гэдэг зөвлөмжийг хүргүүлж байгааг мэдээлсэн.
Мөн хуралдаанаас сэжигтэй шинж тэмдэг бүхий иргэдийг тусгаарлах тухай журмыг нарийвчлан боловсруулах, тусгаарлах үйл ажиллагаанд холбогдох хөрөнгө, мөнгөний зардлын тооцоог нэгтгэн гаргахыг Эрүүл мэндийн яаманд үүрэг болголоо.
Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан хүнсний хангамж, нөөцийн талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийсэн.
Улаанбаатар хотын хэмжээнд маргааш буюу 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаалж эхэлнэ. Ингэхдээ өдөрт 100 тн махыг 279 цэгээр нийлүүлэх юм. Улаанбаатар хотын хүн амын махны хэрэглээ хамгийн өндөртөө өдөрт 120 тн байдаг. Ингэж тооцвол дөрвөн сарын турш буюу долдугаар сард шинэ мах гартал нөөцийн махны тогтвортой нийлүүлэлтийг хангах боломжтой.
Гурилны
хувьд, бүтэн нэг жил гурил үйлдвэрлэх улаан буудай хурааж авсан. Иймд гурилны
хомсдол үүснэ гэж айлтгүй. 100 мянган тонн улаан буудайг импортлож, нөөц
бүрдүүлнэ. Энэ нь 60 мянган тонн гурил болох бөгөөд, нэг улирлын нөөцийг
хангана.
Харин цагаан будаа, ургамлын тос гэх мэт улсын нөөцгүй, дотоодоос хангах
боломжгүй бүтээгдэхүүнүүдийн импортыг нэмэх, дэмжих чиглэлд ажиллаж байна. Зургадугаар сарын 30-ныг хүртэл ийм
хүнсний бүтээгдэхүүнүүдийг импортын татвараас чөлөөлөх хууль өргөн барьсан. Энэ
асуудал шийдэгдтэл холбогдох татварыг хоёр сараар хойшлуулахаар болсон гэв.
Мөн Улсын онцгой комиссын хуралдаанаас Коронавируст халдвар дэлхий даяар өндөр хурдацтайгаар тархаж байгаатай холбогдуулан иргэдийг гадаад улс орнуудад зорчихгүй байхыг уриаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.