Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 1-6 градус, Орхон-Сэлэнгийн сав газар болон Хангайн нурууны өвөр бэлээр 9-14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд зарим газраар 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Туулын 14 дүгээр гудамжинд ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 09:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 09:44 цагт очиж, иргэн Б-ын эзэмшлийн “Бонго жи-2” загварын ачааны автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Цэргийн их сургуулийн 1-3 тоот “Дельта” авто засварын төвөөс утаа гарч байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 21:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 21:07 цагт очиж, 20 тн багтаамжтай төмөр чингэлэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 01:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 01:27 цагт очиж, иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн  “Дунд тээл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 35 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Малчин Г-ын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 13:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 35 км замыг туулан 14:45 цагт очиж, 15х20 метрийн хэмжээтэй өвөлжөө, 1.5 тн өвс шатаж байсныг 1 цаг 35 минут ажиллаж унтраасан.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн “Мунказ” авто угаалгын урд талын автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 18:46 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 18:48 цагт очиж, иргэн Х-ийн эзэмшлийн “Сонота-2” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 3 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн  “Долоон-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 35 км-т, сумын төвөөс  баруун урд зүгт 21 км-т/ Төв аймгаас Дундговь аймгийн чиглэлд иргэн У-ын жолоодож явсан “Камри” загварын суудлын автомашин, Дундговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Ц-ын жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас “Камри” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 20:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 35 км замыг туулан 21:25 цагт очиж, “Камри” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллан унтрааж тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Мөнхтүвшинд,  “Приус-20” загварын суудлын автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Горькийн 21 дүгээр гудамжны иргэн Т /33 настай, эрэгтэй/,  иргэн Ц/29 настай эрэгтэй/, иргэн С /25 настай, эрэгтэй/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн иргэн Б /25 настай, эрэгтэй/ нар толгой, цээж, хөл хэсгээрээ гэмтсэн байсныг тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч З.Мөнхчулуунд тус тус хүлээлгэн өгсөн.

3.Мэдээлэл:

Обьектын гал түймрийн талаар: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бор гол багийн “Гол модны дугуй хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 90 км-т, сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ Малчин Б-ын 5 ханатай гэр 03.16-ны өдрийн 12:00 цагийн орчим бүрэн шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 12:59 цагт хүлээн авсан. Малчин Б нь малдаа явсан хойгуур гэр нь шатсан бөгөөд гэр нь эзэнгүй байсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын дарга Л.Бямбасүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.

4. Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Ширээ нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 210 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.16-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 10 алба хаагч, 1 автомашин, тус сумын Номгон багийн Засаг даргын Тамгын газрын 6 ажилтан, 1 автомашин, 1 морь, нийт 16 хүн, 2 автомашин, 1 морьтой ажиллаж мөн өдрийн 14:30 цагт бүрэн унтрааж, Байгаль хамгаалагч Н.Санжаажамцад хүлээлгэн өгсөн. /Түймэрт 9 га талбай шатсан./

5.Зам тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Хилчин” хотхоны зүүн талын автозамын зорчих хэсэг Суудлын автоавтомашин гэрэлтүүлэгийн төмөр багана мөргөж, автомашины хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 03.16-ны өдрийн 21:01 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 14.5 км замыг туулан 21:15 цагт очиж, иргэн О-ын жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашины бүхээгт Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн З /17 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, ГССҮТ-ийн их эмч Б.Ёндонд хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top