Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, онцгой байдлын хошууч Д. Сэржмядаг 2015 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд БНСУ-д “Азийн орнуудын хүрээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах технологи ба бодлого хуваалцах” бага хуралд оролцоод ирлээ.
Бага хурал нь Азийн улс орнуудын дунд гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаар сүлжээ платформыг бий болгох, оролцогч улс орнууд гамшгийн эрсдэлийг бууруулах технологи хуваалцах зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд хуралд БНСУ, Индонези, Филиппин, БНХАУ, Монгол Улсын гамшгийн мэргэжилтэн, судлаачид оролцсон байна. Хуралд Д.Сэржмядаг “Ерөнхий боловсролын сургуульд нэмэлт хөтөлбөрөөр гамшгийн эрсдэлийг бууруулах боловсрол олгох асуудал” сэдвээр танилцуулга хийж, оролцогч улс орнуудтай өөрийн орны туршлагаа хуваалцлаа.
2010 онд БНСУ-ын Инчон хотод болсон Азийн сайд нарын 4 дүгээр бага хурлаас гаргасан тунхаг бичигт “гамшгийн эрсдэлийг бууруулах технологи, мэдээллийг хуваалцах” гэж тодорхойлсны дагуу Гамшгийн эрсдэлийг бууруулах технологи ба бодлого хуваалцах сүлжээ платформ болох www.pr4gdm.org сайтыг бий болгосныг хуралд оролцогчдод танилцуулж, тэдний санал, зөвлөмжийг тусган сайжрууллаа. Энэхүү сайт нь ердийн хэрэглэгч, мэдээлэл оруулах эрхтэй хэрэглэгч болон шинжээч гэсэн хэрэглэгчийн 3 түвшинтэй байх ба бага хуралд оролцогч нь цаашид энэ сүлжээ платформд мэдээлэл оруулах болон шинжээч гэсэн төрлөөр хэрэглэгчийн эрхтэй байж, сайтыг хөгжүүлэхэд өөрийн улс орны төлөөлөн мэдээ, материалыг нийтэлж, бусад орны мэдээлэл, технологид үнэлгээ өгч ажиллан, тус сүлжээ платформыг хөгжүүлэхийг үүрэг хүлээсэн байна.
Цаашид ОБЕГ болон Гамшиг судлалын хүрээлэн нь Гамшгийн эрсдэлийг бууруулах технологи ба бодлого хуваалцах сүлжээ платформ www.pr4gdm.org сайтад өөрийн орны мэдээ, материалыг оруулахын зэрэгцээ, тус сайт дахь бусад орны туршлага, сургамжаас суралцах, санал солилцож хамтран ажиллах боломж бүрдэж байна.