Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Увс, Хөвсгөл, Өвөрхангай Төв аймгийн нутгаар шороон шуурга, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Ялимгүй цас орно.  Салхи баруун хойноос 7-12 м/с, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 26-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-нд говь, талын нутгаар, 27-нд зүүн аймгуудын нутгаар, 29-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 14-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 27-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанАрхангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Цагаан усны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 25 км-т, сумын төвөөс хойд зүгт 15 км-т/ малчин Д-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 11:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 32 км замыг туулан 12:20 цагт очиж, 5х50 метрийн хэмжээтэй өвөлжөө, 50х50 метрийн хэмжээтэй малын саравч, 3х3 метрийн хэмжээтэй амбаар, 2 тн өвс шатаж байсныг 2 цаг 20 минут ажиллаж унтраасан. Гал түймэр унтраах ажиллагаанд орон нутгийн 8 хүн, 2 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажилласан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Согоот багт иргэн Т-гийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 12:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 12:53 цагт очиж, 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 14:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах,аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 14:44 цагт очиж, иргэн Т-гийн 4 ханатай, 5 ханатай 2 гэр, эд хогшил, 10 метрийн урттай модон хашаа бүрэн шатсан, мөн иргэн Б-гийн хураалттай түлээ шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн “Азарганы худаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 12 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 170 км-т/ малчин Г-гийн 4х16 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 15:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан суман дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 19 алба хаагч, цагдаагийн тасгийн 2 алба хаагч, орон нутгийн 20 иргэн, нийт 41 хүн, 8 автомашинтайгаар 12 км зам туулан, 15:47 цагт очиж, 3 цаг 20 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Хос мухар” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 87 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ малчин З-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 16:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 83 км замыг туулан 17:42 цагт очиж, 2 цаг ажиллаж унтраасан. Гал түймэр унтраах ажиллагаанд орон нутгийн 8 иргэн, 2 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажилласан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 16:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 16:11 цагт очиж, 6 метрийн урттай хашаа шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Булган сумын Тамир багийн “Нарийн нүүрийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 15 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ малчин С-ийн өвөлжөө, бууц шатаж байна гэсэн дуудлагыг 03.24-ний өдрийн 19:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 16 км замыг туулан 20:33 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын дунд буудалд дугуй засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 00:46 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах,аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11 км замыг туулан 00:58 цагт очиж, иргэн Ш-ийн 3×10 метрийн хэмжээтэй дугуй засварын байрны таазны хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.25-ны өдрийн 03:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах,аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 04:05 цагт очиж, иргэн С-ийн 5 ханатай гэр бүрэн, иргэн О-гийн 5 ханатай гэрийн баруун хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэрАрхангай аймгийн Булган сумын Тамир багийн “Их тээл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 25 км-т, сумын төвөөс зүүн зүгт 15 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 12:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 10 алба хаагч, 2 автомашин, орон нутгийн 30 иргэн, 7 автомашинтайгаар ажиллаж, 21:00 цагт бүрэн унтрааж тус багийн багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн. /Түймэрт 15 га талбай шатсан./

Ой, хээрийн түймэр: Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 24 иргэн, нийт 36 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж, мөн өдрийн 19:45 цагт цурманд оруулж, 03.24-ний өдрийн 11:07 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч Б.Бямбаа, Ингэт багийн Засаг дарга Г.Баяржаргал нарт хүлээлгэн өгсөн. /Түймэрт 13 га ойн талбай шатсан./

4. Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 32 км-т, Ө-4603’36’’, У-94003’12’’/ 03.24-ний өдрийн 06:47 цагт 4.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 03.24-ний өдрийн 07:00 цагт ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын даргатай холбогдож тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдэгдсэн. 

5.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Зарааны бригад 1 дүгээр багийн “Шинэ ус” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км/ иргэн Б /25 настай, эрэгтэй/ 03.22-ны өдрийн 20:00 цагт иргэн Д-гийн гэрээс гараад одоог хүртэл сураггүй болсон тухай дуудлагыг 03.23-ны өдрийн 15:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 5 алба хаагч, сумын Засаг даргын тамгын газрын 4 ажилтан, орон нутгийн 19 иргэн нийт 28 хүн, 2 автомашин, 10 мотоциклтойгоор 03.23-ны өдрийн 16:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 03.24-ний өдрийн 10:25 цагт гэрээс нь зүүн зүгт 18 км-т “Шинэ худаг” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 5 дугаар багийн “Англах” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойл зүгт 40 км, сумын төвөөс урд зүгт 40 км/ иргэн Ж /22 настай, эрэгтэй/, С /14 настай, эрэгтэй/ нар 03.23-ны өдрийн 21:30 цагийн үед малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.23-ны өдрийн 23:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 5 алба хаагч, Бугат сумын мэргэжлийн ангийн 5 иргэн, ар гэрийн 2 иргэн, нийт 12 хүн, 3 автомашинтай 03.24-ний өдрийн 02:10 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 06:20 цагт “Зөөлөнгийн-Эх” гэдэг газраас малчин Ж, С нарыг 800 бог малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Усны осол /эрэн хайх, аврах/Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багт иргэн А-гийн хүү Э /4 настай, эрэгтэй/ 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим “Сэлэнгэ” голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан. 03.24-ний өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын 12 алба хаагч, тус сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан орон нутгийн 34 иргэн, ар гэрийн 2 хүн, нийт 48 хүн, 1 эрэлч нохой, 9 автомашинтайгаар 06:30 цагаас  тус сумын Таримал багийн “Арын салаа” гэдэг газар “Сэлэнгэ” голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 300 метрт голын мөс хагалж урсган 2 удаагийн шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон. 03.25-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин үргэлжлүүлнэ.

6.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн бөөр багийн “Буянт гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 180 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ малчин Ө-гийн байшин, малын хашаа болон шар усны үерт автсан тухай дуудлагыг 03.24-ны өдрийн 09:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 4 алба хаагч, мэргэжлийн ангийн 7 албан хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 17 хүн, 2 автомашинтай 20 км замыг туулан 10:45 цагт очиж, 30 метрийн урттай шороон далан хийж, тухайн айлыг аюулгүй болгосон.

Өвөрхангай аймгийн Уянга сумын Таац багийн “Мурилзах” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 80 км-т/ 03.24-ний өдөр 16-20 м/с хүчтэй шороон шуурга шуурсаны улмаас 13:20 цагийн орчим малчин Ц-гийн 5 ханатай гэр шуурганд нурсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Давгасүрэн аймгийн Онцгой байдлын газарт 17:00 цагт мэдээлсэн. Таац багийн Засаг дарга Т.Заяахүү нөхцөл байдалтай очиж ажиллахаар 03.24-ний өдөр тухайн газар руу явсан.

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Борт булаг” гэдэг газар малчин Ө-гийн өтөг, бууц 03.24-ний өдрийн 15:25 цагийн орчим шатсан. Орон нутгийн 8 иргэн, 1 автомашинтай ажиллаж, 16:20 цагт гал түймрийг бүрэн унтраасан тухай мэдээллийг 03.24-ний өдрийн 19:35 цагт хүлээн авсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top