Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан,  Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгаар 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд  6-11 метр. Өдөртөө 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд зарим газраар, 31-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд ихэнх нутгаар, 31-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 29-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 9-14 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус хүйтэн, 1-6 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайд иргэн Э-ийн хашаанд 0.7 га газрын өнжмөл шар өвс, 5 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 11:21 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 11:27 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулд иргэн Т-ийн 8×4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 12:50 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнд иргэн Г-ын хашаанд 0.3 га газрын өнжмөл шар өвс, 3 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 14:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7.5 км замыг туулан 14:25 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийнд иргэн А-ийн 3×3 метрийн хэмжээтэй амбаар, 7 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 14:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км замыг туулан 14:30 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 10 дугаар багийн Зангиат хорооллын 13 дугаар гудамжинд иргэн Г-ын 3х2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 15:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 15:54 цагт очиж 28 минут ажиллаж унтраасан.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн “Сангийн аж ахуйн” 25 дугаар гудамжинд иргэн Б-ийн хашаанд цаасан хайрцаг шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтайгаар 1.5 км замыг туулан 16:00 цагт очиж 14 минут ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр)сумын 1 дүгээр багийн ажилчин хорооллын 6 дугаар гудамжинд иргэн Г-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 17:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км зам туулан 17:23 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Цагааны гол” гэдэг газар /аймгийн төвөөс 13 км, сумын төвөөс зүүн зүгт 25 км/ Улаанбаатар хотоос Даланзадгад сумын чиглэлд зорчиж явсан иргэн О-ын “Тоёота Аксио” загварын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон тухай дуудлагыг 03.27-ны өдрийн 23:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13 км замыг туулан 00:13 цагт очиж 25 минут ажиллаж иргэн О /48 настай, эрэгтэй/, М /43 настай, эмэгтэй/, А/40 настай, эрэгтэй/, М /39 настай, эрэгтэй/, Н /54 настай, эрэгтэй/-г аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн өгсөн.

4.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн “Элст худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 7 км-т /Ө-47087/00//, У-104036/00/// 03.27-ны өдрийн 10:47 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 11:00 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гэрэлсүрэнгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top