БААТРУУД: Тусгаарлагдах байрны командлагч

051103.jpg

Дэлхийн тэргүүлэх гүрнүүдийг барьц алдуулж буй коронавирусийн халдвараас манай улс амжилттай урьдчилан сэргийлж байна. Дотооддоо халдвар авсан нэг ч тохиолдол бүртгэгдсэнгүй. Бүртгэгдсэн бүх тохиолдол нь гадаадаас тээвэрлэгдэж ирсэн нь тогтоогдсон. Мөн анх халдвар бүртгэгдсэнээс хойш 20 хонож байгаа ч нас барсан тохиолдол гараагүй нь сайшаалтай. Энэ бүх эерэг үр дагавар нь Засгийн газар, Улсын онцгой комисс урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ эртнээс сайн зохион байгуулсантай холбоотой. Төр засгийн зүгээс түргэн шуурхайн шийдвэр гаргаж, удирдлагаар ханган ажиллаж байгаа ч түүнийг нь хэрэгжүүлж буй төрийн албан хаагчид тэднээс ч илүү гавьяатай. Эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын ажилтнуудын энэ цагийн эгэл баатруудаар тодорч, ард иргэдийнхээ талархлыг хүлээж байна. Тэдний төлөөлөл болсон баатруудыг онцоллоо.

Иргэдээ гал усны гашуун зовлонгоос хамгаалдаг, авардаг хүмүүс бол Онцгой байдлын алба хаагчид. Аврагчид гэхээр эрчүүд л төсөөлөгддөг. Гэвч тэдэнтэй бүсгүйчүүд ч мөр зэрэгцэн ажилладаг байна. Тэдний нэг нь ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ц.Уранчимэг. Ц.Уранчимэг дэд хурандаа бол иргэдээ коронавирусийн халдвараас хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж буй Онцгой байдлын алба хаагчдын төлөөлөл. Түүний удирдаж буй ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилалд коронавирусийн халдвар илэрсэн улс орнуудаас ирж буй иргэдийг тусгаарлаж байгаа юм. Тус сувиллын албан хаагчид хамгийн өнгөрсөн хоёрдугаар сарын 24 буюу битүүний өдөр БНСУ-ын Тэгү хотоос ирсэн оюутнуудыг анх хүлээж авснаас хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үүрэг гүйцэтгэж байна. Тэднийг удирдлагаар ханган ажиллаж буй Ц.Уранчимэг дэд хурандаагийн энэ цаг үед төрж буй сэтгэгдлийг хүргэе.

ХӨСҮТ-өөс гадна хамгийн анх манай Жаргалант сувилалд гадаадаас ирсэн иргэдийг тусгаарласан. Манайд анх тусгаарлагдсан хүмүүс нь БНСУ-ын Тэгү хотоос ирсэн оюутнууд байсан. Тухайн үед олон нийтийн болоод манай ажилчин, албан хаагчдын сэтгэл зүй одоогийнхоос өөр “Ингээд манай улсад коронавирус ороод ирж байгаа юм уу” гэсэн айдастай байлаа. Манай сувилалд битүүний өдрөөс хойш хүмүүсийг тусгаарлаж эхэлсэн. Гэртээ битүүлээд баярлах гэж байсан ажилчдаа гэнэт дуудсан. Хэдийгээр энэ үүргийг гүйцэтгэх ёстой албан хаагчид ч гэлээ дотроо айдастай, цочирдсон байдалтай ирсэн. Харин одоо албан хаагчдын маань сэтгэл санаа арай уужирсан. Гэхдээ уужирсан гэдэг нь ажилдаа хандах хандлагаа өөрчилсөн, анхаарал болгоомжоо сулруулсан гэсэн үг биш шүү. “Бид хамтдаа үүнийг даван туулах боломжтой юм байна” гэсэн сэтгэлийн хүчтэй болсон гэсэн үг. Би ч ялгаагүй. “Цэрэг хүнийг улс 1000 өдөр тэжээж нэг өдөр ашиглана” гэдэг шиг олон жил ажиллаж хувцас хэрэглэл, цол цалин урамшууллаар хангагдаж ирсэн учраас үүрэг гүйцэтгэх ёстой гэдгийг ар гэрийнхэн маань ойлгож дэмждэг. Тиймээс энэ удаад ойлгож хүлээж авсан. Харин гэрийнхнээ эрсдэлээс хол байлгах нь миний үүрэг. Гэртээ харихдаа эдэлж хэрэглэж байгаа зүйлсээ гэрийнхэнтэйгээ холихгүй, зайнаас харилцах зэргээр өөрийгөө тусгаарласан байдалтай байдаг. Олон хоногийн дараа гэртээ харьж байгаа ч хүүхдээ тэврэхгүй, үнсэхгүй байх жишээтэй. Харин ажил дээрээ бол дотроо айдастай байгаа ч үүний ард гарахад миний үүрэг оролцоо чухал гэдгийг ухамсарлан ажиллаж байна. Манай албан хаагчид ч ялгаагүй яг ийм сэтгэлээр зүтгэж байгаа.

Хамгийн анх манайд тусгаарлагдсан оюутнууд ч сэтгэл зүйн хувьд тусгаарлагдахад бэлэн байгаагүй нь ажиглагдсан. Эх орондоо ирлээ гээд баярлаж байтал 14 хоног тусгаарлагдахаар болно гэдэг амаргүй шүү дээ. Эцэг, эхчүүд нь ч хүндээр хүлээж авсан. “Хүүхдээ амьд сэрүүн байгаа эсэхийг мэдэхгүй байна. Очиж царай зүсийг нь хармаар байна. Ямар ч юманд байгаа юм билээ” гээд яаралтай холбоо тогтоохыг шаардаж биднийг загнах, уурлаж уцаарлах тохиолдол их гарсан. Тиймээс бид оюутнуудад гар утсыг нь өгч, ашиглахыг зөвшөөрсөн. Ер нь тусгаарлагдахаар ирж байгаа оюутнууд болон залуу хүмүүс бол харьцангуй тайван байдаг. Харин настай хүмүүс их бухимдаж янз бүрийн ааш гаргадаг. Гэхдээ олон цагаар онгоцонд суугаад ядарч ирдэг гэх мэт шалтгаанууд нөлөөлдөг байх аа. Истанбулаас шөнийн 01.00 цагт ирсэн хүмүүсийг бид өглөө 06.00 цагт хүлээж авсан. Хүмүүсээ шинжилж шалгаад, ангилж тусгаарладаг учраас тусгаарлах байрандаа ирэх гэж уддаг. Тусгаарлах байрныхаа гадаа ирсэн хүмүүс маань орох гэж яардаг. Автобуснаас тав таваар нь буулгаад оруулна гээд төлөвлөчихсөн байхад бөөнөөрөө гарах гэж зүтгээд хоорондоо шүргэлцэх зэргээр эрсдэл үүсгэдэг. Гэтэл онгоцоор ирсэн хүмүүсээс коронавирус илрээд байна шүү дээ. Тиймээс удахгүй ирэх хүмүүс үүнийг анхаарах хэрэгтэй. Мөн 21 хоног тусгаарлагдана гэдгээ мэдэж байгаа учраас сэтгэл зүйгээ сайн бэлдээд ирэхийг зөвлөе. Ингэвэл хэн хэндээ амар. Зарим хүн “Би өглөө болгон кофе уудаг”, “Би ингэдэг учраас ийм юм хэрэгтэй байна” гэх мэтээр боломжгүй зүйл шаардах тохиолдол гардаг. Хаана байгаа вэ гэдгээ ухамсарлаж, тэнд ажиллаж байгаа албан хаагчдыг хүндэтгэж асуудалд уян хатан байдлаар хандмаар байна.

Тусгаарлагдаж байгаа хүмүүс хоёр хоногийн дараагаас сэтгэл зүйн хувьд өөрчлөгдөж эхэлдэг. Учир нь, тэнд яг юу болоод байгааг ойлгоод тайвширдаг юм шиг байна лээ. Эхлээд “Та нар гэртээ харьж байгаа юм чинь тийм юм аваад ир” гээд бидэнд ханддаг. Гэтэл бид ч гэсэн ялгаагүй тэндээ 21 хоног тусгаарлагдаад ажиллаж байгаа шүү дээ. Үүнийг мэдээд “Өө тийм үү, уучлаарай. Энэ хүмүүс чинь нэг хананы л цаана байгаа болохоос бидэнтэй ялгаагүй байгаа юм байна ш дээ” гээд ойлгож эхэлдэг. Тусгаарлалтаас гарахдаа бүр өндөр сэтгэгдэлтэй буцдаг. Бидэнд баярлаж талархаж байгаагаа хэлээд, зарим нь уйлаад, “Болдог бол тэвэрмээр байна” гээд л. Оюутнуудын ээж, аавууд нь буцаж холбогдоод “Манай хүүхэд үнэхээр сайхан байсан байна. Буруугаар ойлгосонд уучлаарай” гэснээс гадна “Тайван цаг ирэхээр танай хамт олонд дурсгалын зүйл өгмөөр байна” гэх мэтээр олон хүн сэтгэгдлээ илэрхийлсэн.

Манай сувиллын хувьд нэг ээлжид гурван эмч, зургаан сувилагч, хоол үйлдвэрлэлийн дөрвөн хүн, үйлчилгээ, ариутгал, техникийн ажилчид гээд нийтдээ 17 хүн тэндээ тусгаарлагдан ажилладаг. Мөн гадна талд цагдаагийн албан хаагчид үүрэг гүйцэтгэдэг. Энэ хүмүүсийн ажлыг ойлгож тусгаарлагдахаар ирж байгаа иргэд маань хариуцлагатай байгаасай гэж хүсэж байна. Бид чинь ялгаагүй л ар гэртэй, аав ээж, үр хүүхдүүдтэй хүмүүс шүү дээ. Аюулт өвчин хэнийг ч ялгахгүйгээр халдварлах боломжтой учраас манай албан хаагчид ариутгал халдваржүүлэлтийн дэглэмээ чанд мөрдөж өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалж байгаа. Тусгаарлаж байгаа хүмүүсээ улаан бүсэд байрлуулаад бид өөрсдөө шар бүсээс үйлчилдэг. Нэг өрөөнд хамгийн ихдээ таван хүнийг хамт байлгаж байна. Манайд хамгийн ихдээ 96 хүн тусгаарлагдаж байсан. Давхар тус бүрдээ тусгаарлагдсан хүмүүсийн хоолыг тавьдаг тавцантай. Чанга яригчаар аяга тавгаа гаргаж тавиарай гээд зарлаад хоолыг нь өгдөг. Чанартай, халуун хоолоор үйлчлэх зэрэгт маш сайн анхаарч байгаа. Манайх мэргэжлийн сэтгэл зүйчтэй. Түүнийгээ хоол түгээлтэд гаргаж давхар хүмүүсийнхээ сэтгэл зүйд ажиглалт хийлгэдэг. Ер нь манай ажилчид тусгаарлагдаж байгаа хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг аль болохоор хангахын төлөө л ажиллаж байна. Жирэмсэн, нялх хүүхэдтэй, цагаан хоол иддэг, сахарын өвчтэй, даралт ихтэй гээд янз бүрийн хэрэгцээ шаардлагатай хүмүүс ирж байгаа. Зарим тохиолдолд энэ хүмүүст үйлчлэхийн тулд улаан бүс рүү орох шаардлагатай болдог. Тухайлбал, хүүхдээ орноос унагаж тархийг нь хөдөлсөн хүн дээр очиж хүүхдийнх нь тархийг нь барих шаардлага гарсан. Мөн нэг хүний маань ээж нь өнгөрч таарсан. Тэр хүнийг тайвшруулах, даралтыг нь хэмжих гэх мэтээр заавал очиж үйлчлэх тохиолдол их гардаг. Энэ болгонд зардал нэмэгддэг. Яагаад гэхээр, бидний хэрэглэж байгаа хамгаалалтын хувцас, хэрэглэлүүд нэг нь 25000 төгрөгийн үнэтэй. Улаан бүсээс гарч ирээд бүх хувцас, хэрэглэлээ хаядаг. Гэхдээ хувцасны үнээс илүү хүмүүсийн эрүүл мэнд чухал учраас харамсах сэтгэл төрдөггүй.

Эх сурвалж: Eagle.mn

scroll to top