“Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах өдөрлөг”-ийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулах үүргийн дагуу аймгийн Хэрлэн сумын төв “Тусгаар тогтнолын талбай”-д Төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдийг оролцуулан зохион байгуулах удирдамж, төлөвлөгөө, хөтөлбөр гарган ажилласан. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын хурандаа Н.Гантөмөр үг хэлж, ѳдѳрлѳгт оролцож байгаа иргэдэд зориулан Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн албан хаагчдын төлөөллөөс ая дууны мэндчилгээ хүргэлээ.
Төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид, иргэдийн дунд танин мэдэхүйн “АХА”, хурд хүч, авхаалж самбаа шаардсан “Хөдөлмөр хамгааллын хувцас өмсөлт”, “Хоолой шидэлт” гэсэн төрлүүдээр тэмцээн зохион байгуулж, тэмцээн тус бүр 1, 2 дугаар байр эзлүүлэн Онцгой байдлын газрын гарын бэлэг, “БДХХК”-с цэвэршүүлсэн цэнгэг усны хэрэглээний нэг сарын эрхийн бичиг олгож, “Дурсамж” хадгалуулав.
Өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулах төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу Онцгой байдлын албаны үйл ажиллагааны чиглэл, гамшиг, гал түймрээс урьдчилан сэргийлэх ажил, гал түймрийн нөхцөл байдлыг харуулсан дэлгэмэл самбар, гал унтраах, аврах ажиллагааны техник, багаж, хэрэгслүүдийг дэлгэн байрлуулж, Дорнод аймагт гарсан обьектын гал түймрийн 5 жилийн судалгаа, сургамжийг иргэдэд танилцууллаа.