БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газар нь гамшгаас хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Стратегийн төлөвлөлтийн хэлтэс, Гадаад хамтын ажиллагааны хэлтэст нийт 11 алба хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.
Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги зэрэг бодлогын баримт бичгүүд, дүрэм, журам, зааврыг боловсруулан хэрэгжүүлж байна.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, техник, тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Австри Улс болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ЖАЙКА, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудтай хамтран төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилладаг.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, иргэд, олон нийтэд мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах, хүмүүнлэгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэг чиглэлээр “Барилга хот байгуулалтын яам”, “Цагдаагийн ерөнхий газар”, “Хил хамгаалах ерөнхий газар”, “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”, “Хууль сахиулахын их сургууль”, “Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим”, “Монголын улаан загалмай нийгэмлэг”, “Мерси Кор” Олон улсын байгууллага, “Гамшгийн эсрэг үндэсний төв ТББ”, “Монголын байгаль орчин, аюулгүй байдлын төв”, “Гамшиг, гал түймрээс хамгаалах Монголын нийгэмлэг”, “Гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний үндэсний төв ТББ”, “Ази, Номхон далайн бүс нутгийн түншлэл судалгааны төв” зэрэг нийт 25 байгууллагатай хамтран ажилладаг.
Гадаад орон, олон улсын байгууллагатай гамшгаас хамгаалах чиглэлээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд ОХУ-ын Онцгой байдлын яам, БНХАУ-ын Иргэний хэргийн яам, Ойн улсын хороо, Газар хөдлөлтийн агентлаг, БНУнгар Улсын Гамшгаас хамгаалах ерөнхий газар, АНУ-ын Номхон далайн арми, Аляскийн үндэсний гварди, БНФУ-ын Иргэний аюулгүй байдлын яам, БНСУ-ын Үндэсний галын удирдлагын газар, БНАСАУ-ын Онцгой байдал, гамшгийн удирдлагын улсын хороо зэрэг 10-аад орны ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажилладаг.
НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага, Гамшгийн аюулыг бууруулах Азийн бүсийн төв, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Олон улсын галын байгууллагын дарга нарын Азийн холбоо, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон Улс, БНСУ, Швейцарийн Холбооны Улс, БНТУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд зэрэг 20 гаруй бүс нутгийн болон дэлхийн хэмжээний олон улсын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаатай.
БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ
Гамшгаас хамгаалах эрх зүйн орчин, түүнийг хэрэгжүүлэх зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, богино, урт, дунд хугацааны бодлого, хөтөлбөр, стратеги төлөвлөлт боловсруулах, бодлогын удирдамжаар хангах замаар гамшгаас хамгаалах чадавхыг дээшлүүлэх, салбар дундын болон гадаад орон, олон улсын байгууллагатай гамшгаас хамгаалах чиглэлээр хамтран ажиллах бодлого боловсруулах, бүх талын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, зохион байгуулах чиг үүрэгтэй.
Стратегийн төлөвлөлтийн хэлтэс
– Стратегийн бодлого, төлөвлөлт, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг хангуулах, үйл ажиллагааг уялдуулах;
-Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон нийттэй гамшгаас хамгаалахад чиглэсэн хамтын ажиллагааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, зохион байгуулах.
Гадаад хамтын ажиллагааны хэлтэс
-Гадаад орон, олон улсын байгууллагатай гамшгаас хамгаалах чиглэлээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж Монгол Улсын Онцгой байдлын албаны чадавхыг бэхжүүлэх.
Холбогдох утас: 262018